Флиппины нэгэн өсвөр насны хүү Chatten Abrera дөнгөж 9 настай байхдаа урьд өмнө тохиож байгаагүй хамгийн хүчтэй хар салхийг үзэж, эх орон, орон гэр нь нүдний нь өмнө сүйдэхийг харсан юм. Цахилгаангүй, хичээл сургуульгүй олон сар болсноо тэр одоо ч санадаг. “Мянга мянган айл, манай гэр орон ч энэ үеэр сүйрсэн. Хаа сайгүй үхсэн амьтдын бие цогцос үерийн усанд урсаж, моднууд булгаран унаж байсан” гэж тэр энэ аймшигт өдрийн тухай дурсан ярьжээ.
'ҮНЭХЭЭР ЗАМБАРААГҮЙ БАЙНА'
Chatten Abrera одоо 15 нас хүрчээ. Хүү эх оронд нь болж буй уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, хүний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг өдөр бүр хардаг.
'Ган гачиг, хүчтэй аадар бороо тухайн улс орны хүнсний аюулгүй байдал, хөрсний нуралт, үхэл, өлсгөлөн цаашлаад ядуурлын гол шалтгаан болдог. Мянга мянган айл, мянга мянган хүн ажлаа алдаж байна' гэж тэр ярьжээ. Түүний хэлж байгаа энэ нөхцөл байдал дэлхийн бусад улсын хүүхэд залуусын хувьд ч ижил байгааг Хүүхдийг ивээн сангийн тайлангаас харж болно.
Энэ тайланг 'Born into the Climate Crisis' гэж нэрлэсэн бөгөөд Брюссел хотын Vrije University-ийн судлаач нараар ахлуулсан 178 оны загварчлалыг ашиглаж хийсэн байна. Тэд уур амьсгалын өөрчлөлт нь одоо төрж байгаа хүүхдүүдийн амьдралын туршид яаж нөлөө үзүүлэхийг таамаглахыг хичээсэн юм.
Ингээд 2020 онд төрсөн хүүхдүүдийн үзэх байгалийн гэнэтийн үзэгдэл 1960-аад оныхонтой харьцуулахад 24 дахин их байх болно гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
'Өнгөрсөн онд Папуа Шинэ Гвинейд төрсөн хүүхэд ахмадуудаас 10 дахин их хэт халалт үзэж, гал түймрийн эрсдэл 2 дахин их байх болно. Тэгвэл Ваниуту улсын хүүхдүүд хүчтэй хар салхины хохирлыг дөнгөж давж байгаа ч тэднийг ойрын хэдэн жилд 3 дахин илүү хүчтэй ган гачигтай тулгарах шинэ даваа хүлээж байна' гэж уг тайланг хамтран бичсэн, Номхон далайн Хүүхдүүдийг ивээх сангийн бодлого, нөлөөллийн зөвлөх Erin Ryan онцолсон байна. Бага болон доогуур орлоготой орнууд өөрсдийн ялгаруулсан хорт хийнээс хамаагүй их хэмжээний хохирол амсах болно гэж уг тайланд дурджээ.
Түүнчлэн тэдгээр орнуудад байгалийн гамшиг илүү тогтмол тохиолдож, ядуурал, гадуурхалт, эрүүл мэнд боловсрол авахад улам хүнд болж, хүнсний аюулгүй байдал, элдэв мөлжлөг гэх мэт тэгш бус байдал үргэлжилсээр байх болно гэдгийг ч тайланд оруулжээ.
Австрали хүүхдүүд ч дэлхийн дулаарлын аюулаас холуур өнгөрч чадахгүй гэж Erin Ryan хэллээ.
Түүний хэлж байгаагаар 2020 онд Австралид төрсөн хүүхдүүд 4 дахин их халуунд амьдарч, гурав дахин их ган гачиг үзэж, мөн түймэрт өртөх магадлал 30 хувиар нэмэгдэж болзошгүй гэнэ.
'БҮҮ ХОЙШ СУУГААЧ'
Мельбурны ахлах сургуулийн сурагч 15 настай Ella Simons бүх зүйл аль хэдийнэ эхэлчихээд байна хэмээн анхааруулж байна.
Тэр бол 2020 оны “хар” зуны түймэрт өртсөн олон мянган Австраличуудын нэг бөгөөд гал түймрийн улмаас гэр бүлээрээ нүүлгэн шилжүүлж орон нутагт амьдарч эхэлсэн юм.
“Энэ бүхэн бодиттой тулгарчихаад байгааг би мэдэрдэг. Гал түймэр Австрали даяар асч, 2009 оны Викториа мужийн орон нутгуудаар гарсан аймшигт түймрийг би мэднэ. Гэвч үнэндээ юу болоод байгааг олон хүмүүс огт хайхрахгүй байгаа нь бүр ч аймшигтай. Энэ бүхэн намайг ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан” гэж энэ охин ярьжээ.
Ella Миланд болж буй НҮБ -ын залуучуудын уур амьсгалын дээд хэмжээний уулзалт болох Youth4Climate чуулганд Австралийн залуучуудыг төлөөлөн оролцож байгаа юм.
Энэхүү арга хэмжээ нь 11 -р сард Glasgow хотод болох НҮБ -аас зохион байгуулж буй COP26 дэлхийн цаг уурын хэлэлцүүлгийн өмнө болж байгаа гэдгээрээ онцлог. Дэлхийн удирдагчид дулаарлыг цельсийн 1.5 хэм хүртэл хэрхэн хязгаарлахаа энэ чуулганаар ярилцах юм. Ella шиг олон зуун залуус дуу хоолойгоо эдгээр удирдагчдад сонсгохыг хүлээж байна.
“Манай үеийнхэн маш ууртай бас бүр цөхөрчихөөд байна. Зүгээр суугаад, юу ч хийхгүй байхыг нь чинь харж чадахгүй нь” гэж тэрээр хэлжээ.
"Би энэ чуулган залуусын дуу хоолойг сонсож, хуваалцаж буй санааг нь авч ямар нэгэн дорвитой алхам хийгээсэй гэж хүсч байна'
Glasgow дээд хэмжээний уулзалтын өмнө Австрали улс 2050 он гэхэд хорт хийн ялгаруулалтыг үгүй болгох үүрэг хүлээж байгаагаас гадна олон улсын хамтын нийгэмлэгийн зорьж буй 2030 гэхэд хорт хий ялгаруулахгүй болж, зорилтоо ахиулахаар болжээ.
Ерөнхий сайд Scott Morrison аль болох хурдан, 2050 он гэхэд ямар ч хорт хийгүй улс болохоор Засгийн газар зорьж байгаагаа тэмдэглэн хэлсэн.
Хатагтай Ryan хэлэхдээ, цаг агаарын дулаарлыг целсийн 1,5 хэмд хязгаарлаж чадвал ирээдүй үеийнхэнд тохиож болох цаг агаарын аймшигтай үр дагаварыг мэдэгдэхүйц бууруулж чадна. Энэ нь одоо нялх байгаа хүүхдүүдийн ирээдүйд үзэх хэт халууныг 45 хувь, ганг 39 хувь, байгалийн гал түймрийг 10 хувиар бууруулна гэсэн тооцоог тайландаа оруулсан байна.
Тийм ч учраас хүүхдүүд цаг уурын нөлөөг буруулах шийдлүүдийн гол төв байх ёстой гэж тэрээр үзэж байна.
Өмнө нь танилцуулж байсан Флиппин хүү Chatten өөрийн ирээдүйгээс айж байгаагаа хэлжээ. "Хэрэв хүмүүс, ялангуяа хамгийн хүчирхэг удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй бол бидний ирээдүй үнэхээр зовлон, гачлантай болох гэж байна. Ялангуяа жаахан хүүхдүүдэд. Тэд хамгийн эмзэг, бяцхан хүүхдүүд шүү дээ” гэжээ.
Share

