Дэлхийн нэгдүгээр дайнд оролцох хүсэлтэй Австралийн уугуул иргэд, Европ бус гаралтай сайн дурынхан нь тухайн үеийн армид элсэх хязгаарлалтыг үл харгалзан галын шугам руу явцгааж байв.
Уугуул гаралтай цэргүүд
Одоогоос нэгэн зууны тэртээ баталсан Хамтын нөхөрлөлийг батлан хамгаалах хуулиар Европ бус гаралтай иргэдийг армид элсэхийг хязгаарласан байдаг. Гэсэн хэдий ч Дэлхийн нэгдүгээр дайны үед 80 мянгаар л тоологдож байсан Австралийн уугуул иргэдээс 1000 гаруй нь Австралийн Эзэн хааны зэвсэгт хүчинд элсэн орж байжээ.

Энэ нь нэг талаараа олон уугуул иргэдийн хувьд цалин орлоготой болох боломж байсан гэдгийг Аборижинал болон Торрес хоолойн арлын ахмад дайчдын холбооны үндэсний хэмжээний ерөнхийлөгч бөгөөд Гандаггара овгийн хүн Гэри Оакли хэлж байлаа. Гэвч гарал угсааных нь улмаас армид элсүүлдэггүй байсан хязгаарлалтыг халах хүртэл буюу 1949 он болтол Австралийн уугуул цэргүүдийн хувьд нийгмийн статусаа дээшлүүлэх ямар ч боломжгүй байсан юм.
Австралийн Хятад гаралтай цэргүүд
Цагаан арьст Британи колоничлогчийнхоо шинж чанараа алдагдуулахгүй байхад чиглэж байсан тус хуулийг Ази гаралтай Австраличууд ч гэсэн үл ойшоож байсан юм. Тэдний нэг нь Шанхайгаас гаралтай домогт цэргүүдийн нэг болох Уиллиам Синг юм. Галлиполигийн хамгийн алдартай мэргэн бууч байсан Билли Синг амьдралаа залгуулж чадалгүй байсаар ядуу зүдүү байдлаар нас барсан гэдгийг Мельбурн хотын Хятад музейн профессор Эдманд Чиу тэмдэглэсэн байдаг.

Орос гаралтай цэргүүд
Австралийн Эзэн хааны армид элсэн орсон тоогоороо Орос цэргүүд нь Британи, Шинэ Зеланд болон Канадад төрсөн цэргүүдийн араас бичигдэж байсан юм. Тэдний хувьд Оросын Эзэнт гүрэнд багтах олон янзын үндэстэн ястнуудаас бүрдэж байлаа.

Тухайлбал, Оросын армид хүчин зүтгэхийг хүсээгүй олон тооны еврэй залуус улсаасаа дүрвэн ирж байсан гэдгийг Австралийн Үндэсний Их сургуулийн доктор Елена Говор хэлж байв.
Анзак-ийн өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ
Анзак-ийн өдрийн уламжлалууд
Анзак-ийн өдөр нь 1915 онд Галлиполид газардсан тэмдэглэлт мөчөөр дан ганц хязгаарлагдахгүй бөгөөд дайнд амь насаа өргөсөн төдийгүй армид хүчин зүтгэж байсан бүх Австраличуудад хүндэтгэл үзүүлдэг өдөр юм.

Үүрийн ёслол
Галлиполид газардаж байсан бодит цагийг бэлгэдэн Анзак-ийн өдрөөр ойн ёслолын ажиллагааг үндэсний хэмжээнд үүр цайх үед гүйцэтгэсээр иржээ.
ImageЦэргийн жагсаал
Ёслол хүндэтгэлийн ажиллагааны дараагаар томоохон хот, суурингуудад армид алба хааж байсан хүмүүс бүгд нэгдэн цэргийн жагсаалд оролцдог билээ.

Two-ups буюу Зоос шидэх тоглоом
Жилдээ ганцхан удаа буюу зөвхөн Анзак-ийн өдрөөр л хос зоос шидэх тоглоомыг хуулиар хүлээн зөвшөөрдөг.

Австралийн Анзак-ийн өдрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Australian War Memorial-ийн цахим хуудсаар зочилно уу.
Австрали болон дэлхийн дахинд өрнөдөг бусад ёслолын ажиллагааны талаар мэдээлэл авахыг хүсвэл Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамны цахим хуудаст зочлох боломжтой.
Анзак-ийн өдрийн цэргийн жагсаалын талаар Сиднейн иргэд RSL NSW, Мельбурны иргэд RSL Victoria гэсэн цахим хуудсаас мэдээлэл авах боломжтой.

