Key Points
- Газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 20.000 хүрлээ.
- Австралийн засгийн газар 10 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлалаа.
- Тусламж хэрэгтэй хүмүүст хүргэх хандив цуглуулж буй байгууллагуудын тухай мэдээлэл
Нуранги дороос амьд гарсан хүмүүсийг эрэн хайж, тусламж үзүүлэх ажил үргэлжилсээр байна.
Харамсалтай нь амь насаа алдсан хүний тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна.
Амьжиргааны эх үүсвэр, амьдран суух байр сууц нь сүйдэж, нурж буй аймшигтай дүрс бичлэгүүд дэлхий даяар тарлаа.
Сирийн иргэний хамгаалалтын алба буюу "Цагаан дуулгатнууд" нуранги дор үлдсэн хүмүүст туслах цаг хугацаа дуусч байна гэж мэдэгдээд тусламж хүсч буйгаа илэрхийлжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд бүс нутагт яаралтай тусламж үзүүлэхээр ажиллаж байна.
Тэгвэл өөрийн чадлаараа гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслах иргэдийн хөдөлгөөн ч улс даяар идэвхижиж байна. Та хандивын арга хэмжээнд нэгдэхийг хүсвэл дараах арга замуудыг танд зөвлөе.
Red Cross
Дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн сүлжээ болох Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) гамшгийн эсрэг Сири, Турк улсад яаралтай тусламжийн хоёр удаа уриалга гаргажээ.
Халуун хоолоор хангахаас гадна цус, цусны сийвэнгийн хандив цуглуулж, хохирогчдыг хамгаалах байр болон ойролцоох эмнэлгүүдэд хүргэхэд тусалсан байна.
"Арван жил үргэлжилсэн дайны үед ийм гамшиг тохиосон нь Сирийн нөхцөл байдлыг улам хүнд, эмзэг болгож байна. Орон гэр, хайртай хүмүүсээ алдсан хүмүүст бидний дэмжлэг хэрэгтэй байна" гэж холбооны тэргүүн хэлжээ.
Австралийн 15 буяны байгууллагын нэгдэл болох Онцгой байдлын үед тусламж үзүүлэх холбоо, уг ханвив, тусламжид нэгдэхийг хүмүүст уриаллаа. Энд цугларсан тусламжийг НҮБ-ын Дүрвэгсдийн комисс, Хүүхдийг ивээх сан, Оксфам, CARE зэрэг есөн томоохон буяны байгууллагад шууд шилжүүлэх юм байна. Мөн яаралтай хамгаалах байр, эмнэлгийн үйлчилгээ, хүүхдүүдэд өвлийн иж бүрдэл олгох зэргийг тусламжаа багтаах ажээ.
Орон нутгийг дэмжигчид
Амаль Аль-Салиха нь Сидней хотод төвтэй, Туркээс цагаачлан ирсэн дөрвөн хүний үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Хамтран үүсгэн байгуулагчдын нэг Эркан Данис хэлэхдээ, майхан, хөнжил, живх, борооны цув зэргийг хандивлахыг уриалж байна. Тухайн газар нутагт хүйтэрч, аадар бороо орж байна. Ихэнх иргэд өөрийн гэр орондоо буцах боломжгүй байгааг тайлбарлан тусламжийн аянд нэгдэхийг уриалжээ.
Сири болон Туркийн хүн амын дийлэнх нь лалын шашинтнууд бөгөөд шашны нэг тулгуур нь буяны үйл ажиллагаа юм.
"Яг одоо энд байгаа Исламын тусламжийн баг манай нөөцөд байгаа хөнжил, даавуу, гудасыг тарааж байна, гэхдээ эдгээр нь өнөөдөр дуусч, бидэнд аль болох хурдан илүү их зүйл хэрэгтэй байна" гэж ноён Хамза мэдэгдлээ.
"Эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрсэн тул бид тэднийг эм болон бусад хэрэгслээр хангах хэрэгтэй байна." хэмээн нэмж хэлжээ.