SBS нь Австрали даяарх Абориген болон Торрес Стрейт арлын ард түмнийг энэ нутгийн Уламжлалт эзэд хэмээн хүлээн зөвшөөрч, тэдний газар, ус, хүн хоорондын үл тасрах холбоосыг хүндэтгэж байна.
“Advance Australia Fair” дууны эх хувилбарын үгийг 1878 онд Австралийн сургуулийн багш, дуу зохиогч Питер Доддс МакКормек бичжээ. Улмаар1984 оны 4 дүгээр сарын 19-нд энэхүү дууг Австралийн төрийн дуулал болгож албан ёсоор баталсан түүхтэй.
2021 онд дууллын хоёр дахь мөрөнд байсан “young and free” (залуу бөгөөд эрх чөлөөтэй) гэдэг үгийг “one and free” (нэгдмэл бөгөөд эрх чөлөөтэй) болгон шинэчилж, нэгдмэл гэх утгыг илэрхийлэх болжээ.
Төрийн дууллыг албан ёсны ёслолын ажиллагаа, спортын тэмцээн болон бусад олон нийтийн үйл ажиллагааны үеэр эгшиглүүлдэг.
Австралийн төрийн дууллын үг Австраличуудаа баясан бахадъя,
Эрх чөлөө, эв нэгдлээ дуулъя.
Алтан хөрс, ариун хөдөлмөрөө магтъя.
Их далайн дундах бидний гэр
Энгүй үзэсгэлэнт, хосгүй баян,
Эх байгалийн тансаг бүрдэл.
Түүхийн хуудас бүрд тунхаглан үлдээе.
Австрали мандтугай!
Хоолой нийлэн хамтдаа дуулцгаая,
Австрали мандтугай!
Гэрэлт Өмнөд Загалмайн дор,
Гар, сэтгэлээ нэгтгэн зүтгэе.
Хамтын нөхөрлөлт энэ улсаа
Хан дэлхийд цуурайтуулъя.
Далайн чанадаас ирсэн бүхэнд
Дэлгэр нутгаа харамгүй хуваалцъя.
Хүсэл зоригоо нэгтгэж,
Хайртай улсаа мандуулъя.
Хоолой нийлэн хамтдаа дуулцгаая,
Австрали мандтугай!
- Credit: Don Arnold/Getty Images
Австралийн иргэний андгай
1949 онд Австралийн иргэншил олгож эхэлснээс хойш зургаан сая гаруй хүн албан ёсоор Австралийн иргэн болжээ.
Жил бүрийн 9-р сарын 17-нд тэмдэглэдэг Австралийн Иргэншлийн өдөр зэрэг Иргэншлийн ёслолуудыг орон нутгийн зөвлөлүүд зохион байгуулдаг.
Ёслолын үеэр Австралийн төрийн дууллыг эгшиглүүлж, хүмүүс Австралийн иргэний хариуцлагаа хүлээн зөвшөөрч андгай өргөдөг.
Андгай хоёр хувилбартай бөгөөд нэг хувилбарт нь Бурхны нэрийг дурддаг.
Андгай – Хувилбар 1
Энэ мөчөөс эхлэн, Бурхны ивээл дор,
Би Австрали болон түүний ард түмэнд үнэнч байхаа андгайлъя.
Тэдний ардчилсан үнэт зүйлсийг би хуваалцаж,
Тэдний эрх, эрх чөлөөг хүндэтгэн,
Тэдний хууль журмыг сахин биелүүлнэ.
Андгай – Хувилбар 2
Энэ мөчөөс эхлэн,
Би Австрали болон түүний ард түмэнд үнэнч байхаа андгайлъя.
Тэдний ардчилсан үнэт зүйлсийг би хуваалцаж,
Тэдний эрх, эрх чөлөөг хүндэтгэн,
Тэдний хууль журмыг сахин биелүүлнэ.
Австралийн төрийн дуулал болон Иргэний андгайг эх хэлээрээ уншиж, сонсоорой.