Мөнгөн гуйвуулга нь Австралийн цагаачлалын талаарх хэлэлцүүлгийн нэг сэдэв болж зарим хүн энэ нь Австралийн эдийн засгийн хөрөнгийг гадагш урсгаж байна гэж үзэж буй. Гэхдээ мөнгөн гуйвуулга нь эдийн засагт, мөн цагаачид болон тэдний гэр бүлд бодитоор ямар нөлөө үзүүлдэг вэ?
Дөрвөн жилийн өмнө Энэтхэгээс Австралид нүүж ирсэн Мринаал Датт эх орон руугаа тогтмол мөнгө илгээдэг бөгөөд нэг удаад ихэвчлэн хэдэн зуун доллар шилжүүлдэг байна. Тэрээр SBS Examines-д хэлэхдээ, энэ мөнгийг хамтрагчийнхаа эцэг эхийн эмчилгээний зардалд зориулдаг гэв.
“Хүүхдийнх нь хувьд тэдний эмчилгээний бүхий л үйл явцад дэмжлэг үзүүлэх нь өөрийн үүрэг мэт санагддаг.” гэж тэр хэлжээ.
La Trobe-ын Их сургуулийн мөнгө болон шилжилт хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийдэг социологич, профессор Суприя Сингхийн хэлснээр олон соёлд мөнгө нь бусдад санаа тавьж байгаагаа илэрхийлэх “хамгийн чухал арга замуудын нэг” байдаг.
Та Хятад, Вьетнам, Ойрх Дорнодын аль нэг орон эсвэл Номхон далайн бүс нутгаас ирсэн байлаа гэхэд гэр бүлдээ мөнгө илгээх нь би та нартайгаа холбоотой хэвээрээ, та нарыгаа бодож, санаа тавьж байна гэдгээ илэрхийлэх нэг арга юм.Профессор Суприя Сингх
“Дэлхий даяар авч үзвэл эх орон руугаа мөнгө илгээдэггүй хүмүүс цөөнхөд тооцогддог.” гэж тэр хэлэв.
“Австрали, мөн АНУ болон Европ дахь Anglo-Celtic гаралтай нийгмийн бүлгүүдийн хүмүүс санаа тавьж байгаагаа өөр хэлбэрээр илэрхийлдэг.”
Гадаад руу мөнгөн гуйвуулгаар яг хэдий хэмжээний мөнгө шилжиж байгаа нь тодорхойгүй байна. Зарим тооцоогоор 2024 онд Австралиас гадаад руу 21 тэрбумаас 38 тэрбум гаруй доллар шилжүүлсэн гэх бөгөөд Энэтхэг хамгийн их мөнгөн гуйвуулга хүлээн авсан орон байжээ.
Гэхдээ Австралийн Үндэсний Их Сургуулийн эдийн засгийн дэд профессор Райан Эдвардсын хэлснээр эдгээр тооцоонд болгоомжтой хандах хэрэгтэй аж.
“Бид гадагш шилжиж буй мөнгөний хэмжээг үнэндээ төдийлөн сайн хэмжиж чаддаггүй. ... Тиймээс эдгээр тоо баримт нь бодож байгаагаас хавьгүй тодорхой бус тооцоо байдаг.” гэж тэр хэллээ.
Тэрээр эдгээр тооцоог үнэн зөв гэж үзсэн ч “энэ нь манай эдийн засгийн нэг хувьд ч хүрэхгүй” гэж нэмж тодотгов.
SBS Examines-ийн энэ долоо хоногийн дугаарт мөнгөн гуйвуулга Австралийн эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг талаарх сэдвийг хөндлөө.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






