Та бүхэн мэдээ үзэж байхад холбооны засгийн газар, муж, нутаг дэвсгэрийн засгийн газар гэж ялган ярьж байхыг сонссон байх. Австралид эрх мэдлийг ингэж шатлан хуваадаг. Парламентаас гаргасан холбооны хуулиуд нь хоёр шатны сенатаар дамжиж, Ерөнхий захирагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой.

Парламент нь дээд доод танхимтай
Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим нь Австрали даяар бүх сонгогчдын санал хураалтаар гарч ирсэн 151 гишүүнтэй байдаг. Энэ нь засгийн газрыг тодорхойлж, хууль баталж, удирдлагад хяналт тавьж, улсын чанартай асуудлыг хэлэлцдэг. Сонгуулиар доод танхимд хамгийн олон суудал авсан нам Засгийн газрыг байгуулдаг. Энэ намын дарга Ерөнхий сайд болдог.

Сенат
Дээд танхим буюу Сенат нь 76 гишүүнтэй байх бөгөөд зургаан муж тус бүрээс арван хоёр, хоёр бүс нутгаас тус бүр хоёр гишүүн сонгогддог. Тэдний гол үүрэг нь Доод танхимаас ирсэн хууль тогтоомжийг хянах явдал юм. Сенатууд зургаан жилийн хугацаатай ажилладаг. Нийт гишүүдийн тал нь гурван жил тутам холбооны сонгуулийн үеэр сонгогддог.

Австралийн холбооны засгийн газрын эрх мэдэл
Австралийн Холбооны Засгийн газар нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван байгууллагад хуваагддаг.
Австралийн парламент буюу хууль тогтоох байгууллага нь Австралийн өнцөг булан бүрээс ардчилсан замаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу шинээр гаргах хуулиудыг хэлэлцэж, санал хураах үүрэгтэй.
Гүйцэтгэх засаглал нь Хууль тогтоох байгууллагаас тогтоосон хууль тогтоомжийг баталж, дагаж мөрдөх үүрэгтэй.

Шүүх
Шүүх бол хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус, засгийн газрын эрх зүйн салбар юм. Гол үүрэг нь Австралийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх юм. Мөн засгийн үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээсээ хэтрүүлэхгүй байхыг баталгаажуулах ёстой.
Сонгууль
Австралид Холбооны Засгийн газрыг заавал санал хураалтаар сонгодог. Холбооны сонгууль ойролцоогоор гурван жил тутамд болдог. 18-аас дээш насны Австралийн бүх иргэд бүртгүүлж, санал өгөх ёстой.




