Гол агуулга:
- Өнгөрсөн жил романтик залилангийн улмаас австраличууд 23 сая гаруй долларын хохирол амссан бөгөөд луйварчид хохирогчдыг хуурахын тулд улам нарийн арга тактик ашиглаж байна.
- Тэд ихэвчлэн ахмад настан, бэлбэсэн эсвэл гэр бүлээсээ салсан хүмүүс, цагаачид болон уугуул иргэдийг онилогддог. Гэхдээ онлайнаар хайраа хайж буй хэн бүхэн хохирогч болох эрсдэлтэй.
- Луйварчид маш хурдан итгэлцэл төрүүлж, сэтгэл зүйн аргаар нөлөөлөн мөнгө эсвэл хувийн мэдээллээ өгөхийг шаарддаг.
- Тантай биечлэн уулзахаас зайлсхийх, энэ харилцаагаа нууцлахыг шаардах, мөнгө гуйх зэрэг нь анхаарах дохио тэмдгүүд юм.

Романтик залилан: Анхаарах дохио тэмдгүүд
Хэрэв та онлайнаар болзож байгаа бол дараах сэрэмжлүүлгүүдэд анхаарал хандуулаарай:
- “Хайрын бөмбөг”: Луйварчин харилцаа дөнгөж эхэлж байхад л хайр сэтгэлээ илэрхийлж, байнга мессеж бичиж, залгадаг.
- Платформоос хурдан гаргах: Болзооны апп, олон нийтийн сүлжээнээс WhatsApp зэрэг платформд шилжихийг шаардана. Энэ нь тэднийг илрүүлэхэд хүндрэлтэй болгодог.
- Нууцлал: “Таны хайртай хүмүүс ойлгохгүй” гэж итгүүлэн харилцааны талаар ярьж болохгүй гэж ятгадаг.
- Биечлэн уулзахаас зайлсхийх: Гадаадад ажилладаг, гэр бүлийн асуудал гарсан гэх мэт шалтгаанаар уулзахаас үргэлж зайлсхийдэг.
- Мөнгө гуйх: Яаралтай эмнэлгийн зардал, аяллын зардал эсвэл хөрөнгө оруулалт (ихэвчлэн криптовалюттай холбоотой) нэрийдлээр санхүүгийн тусламж хүсдэг.
Өөрийгөө залилангаас хэрхэн хамгаалах вэ?
- Онлайнаар танилцсан хүндээ хувийн мэдээлэл, нууц үг, санхүүгийн мэдээллээ хэзээ ч бүү өг.
- Илэн далангүй зураг, бичлэг явуулахгүй байх – луйварчид дарамт шахалт үзүүлэхэд ашиглаж болзошгүй.
- Онлайнд танилцсан хүнд мөнгө шилжүүлэхгүй байх, тэдний санал болгож буй хөрөнгө оруулалтад оролцохгүй байх.
- Луйварчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг ашиглах болсон тул видео дуудлага хийсэн ч тухайн хүнийг батлахад хангалтгүй байж болно гэдгийг санаарай.

Хэрвээ та романтик залиланд өртсөн бол яах вэ?
Хэрвээ та залилуулсан байж магадгүй гэж сэжиглэж байвал дараах алхмуудыг яаралтай хийгээрэй:
· Банктайгаа шууд холбогдож, нэмэлт гүйлгээг зогсоож, дансаа хамгаалаарай.
· Онлайн нууц үгүүдээ сольж, дахин халдлагаас сэргийлээрэй.
· IDCARE-тэй холбогдож сэтгэлзүйн болон практик дэмжлэг аваарай.
· National Anti-Scam Centre-ийн Scam Watch-д залилангийн талаар мэдээлэл өгнө үү.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





