Гадаадад оршин суугаа Монголчууд нэгдэн эх орондоо тулгамдаж буй эмзэг асуудлуудыг шийдэхэд чадах бүхнээ зориулан ажиллах байдал улам нэмэгдэж байна. Эдгээрийн хамгийн отгон нь Лантуу дохио ТББ-ын Австрали улс дахь салбарыг байгуулах санаачилга болж байна. Одоогоор цэвэр сайн дурын үндсэн дээр нэгдсэн найм хүрэхгүй хүнтэй байгаа тус баг Австрали улс даяар оршин суугаа монголчууддаа хүрч ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.
Австрали дахь Ид шидтэй ах, эгч нар гэсэн Фэйсбүүк группээр нэгдсэн эдгээр сайн санаат хүмүүс эхний ээлжинд Ид шидийн орон 2 хүүхэд хамгаалах байранд зориулж сэтгэл заслын өрөөг нь тохижуулахад шаардлагатай эд хэрэгслийг хандивлах аяныг эхлүүлээд байгаа. Мөн цаашдаа Австрали улсад сайн үйлсийн ажил зохион байгуулах, хандив цуглуулах бүрэн эрхтэй байгууллага болон бүртгүүлэхээр төлөвлөөд буйгаа Лантуун дохио ТББ-ын Австрали улс дахь элч төлөөлөгч Хиско яриандаа онцолж байлаа.