Австрали бол өргөн уудам нутаг дэвсгэр, олон янзын байгалийн тогтоцтой, аялж танилцах зүйл арвинтай орон. Гэвч хөдөө орон нутаг болон алслагдсан бүсээр автомашинаар зорчих үед хотод тэр бүр тулгардаггүй зам, орчны нөхцөлтэй нүүр тулж болзошгүй. Тиймээс аяллын үеэр ямар нөхцөл үүсэж болохыг урьдчилан мэдэж, зохих бэлтгэлээ хангаснаар илүү аюулгүй, итгэл дүүрэн зорчих боломжтой.
ГОЛ АГУУЛГА
- Замд гарахаасаа өмнө автомашинаа замын хөдөлгөөнд оролцоход бүрэн аюулгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг шалгаж, шаардлагатай аюулгүй байдлын хэрэгсэл болон замд хэрэглэх зүйлсээ бэлтгээрэй.
- Зам болон цаг агаарын нөхцөл богино хугацаанд өөрчлөгдөж болзошгүй. Тиймээс аяллын өмнө болон замын турш албан ёсны эх сурвалжаас хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тогтмол шалгаж, үерийн усыг автомашинтай туулах гэж хэзээ ч бүү оролдоорой.
- Замын нөхцөлдөө тохируулан аюулгүй жолоодож, тогтмол завсарлан амарч, зөвхөн аюулгүй бөгөөд хуулиар зөвшөөрсөн нөхцөлд бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээрэй.
Автомашинтай холын аялалд хэрхэн бэлтгэх вэ?
Хөдөө орон нутаг болон алслагдсан бүсийн замаар хэрхэн аюулгүй зорчих вэ?
Замын болон цаг агаарын нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хэрхэн авах вэ?
Том оврын ачааны машинтай нэг замаар хэрхэн аюулгүй зорчих вэ?
Автомашинтай холын аялалд хэрхэн бэлтгэх вэ?
Австралийн хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутгаар автомашинтай холын аялал хийхээр төлөвлөж байгаа бол урьдчилан сайтар бэлтгэх нь чухал.
Замд гарахаасаа өмнө зам болон цаг агаарын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг шалгаж, автомашиндаа шаардлагатай засвар, үйлчилгээг хийлгэн, аялалд бүрэн бэлэн эсэхийг нягтлаарай гэж Баруун Австралийн Royal Automobile Club буюу RAC WA-ийн Рис Херон зөвлөж байна.
“Замд гарахаасаа өмнө автомашиныхаа дугуй, гэрэл болон тоормосыг шалгаарай. Зам дээр аюулгүй зорчихын тулд автомашин тань техникийн бүрэн бүтэн, сайн арчилгаатай байх нь нэн чухал. Хэрэв чиргүүл эсвэл чингэлэг чирж явах бол дугуйг нь мөн шалгаж, ачааны жинг зөв, тэнцвэртэй хуваарилсан эсэхийг нягтлаарай.”
“Та өмнө нь энэ замаар зорчиж байсан ч хамгийн сүүлд явснаас хойш замын нөхцөл өөрчлөгдсөн байж болно. Холын замд удаан, туйлдмаар жолоодож явсны эцэст гэрээсээ хол газар төөрөх шиг хэцүү зүйл байхгүй. Амралт, аяллаа ингэж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ” гэж ноён Херон хэллээ.

Мөн аяллынхаа онцлог, зорчих газрын нөхцөлд тохирсон хүнс, хэрэгцээт зүйлс болон аюулгүй байдлын хэрэгслээ авч явахыг Квинсландын Transport and Main Roads газрын Кайли Петерсен зөвлөж байна.
“Хэрэв та засмал биш замаар зорчих гэж байгаа бол хангалттай хэмжээний хоол хүнс, ус, анхны тусламжийн хэрэгсэл, нөөц түлш, автомашин саатсан үед ашиглах аврах хэрэгсэл, мөн дор хаяж хоёр нөөц дугуйтай яваарай” гэж хатагтай Петерсен хэллээ.
“Австралийн хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг асар өргөн уудам. Гар утасны сүлжээ шаардлагатай хэмжээнд хүрэхээр аажмаар өргөжиж байгаа ч боломжтой бол хиймэл дагуулын утас эсвэл байршил тогтоох ослын радио дохиоллын төхөөрөмж авч явах нь маш хэрэгтэй. Гэхдээ эдгээр төхөөрөмжийг хэрхэн зөв ашиглахаа мэддэг байх нь мөн чухал.”
Замд гарахаасаа өмнө хаашаа явах, ямар маршрутаар зорчих, хэдийд хүрэхээр төлөвлөж байгаагаа хэн нэгэнд заавал мэдэгдээрэй.
Гэр бүл, ойр дотнын хүмүүстээ юу хийх гэж байгаа, хаашаа явах гэж байгаагаа хэлээрэй. Тухайлбал, ‘Өнөөдөр А цэгээс Б цэг рүү явна, ойролцоогоор ийм хугацаа зарцуулна’ гэж мэдэгдээрэй.Кайли Петерсен
“Мөн алслагдсан зам, жимээр зорчих гэж байгаа бол орон нутгийн зөвлөл эсвэл цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэхийг бодолцоорой. Ингэснээр хамгийн муу нөхцөл байдал үүслээ гэхэд хүмүүс таныг хаанаас хайж эхлэхээ ядаж мэдэж байх юм.”
Хөдөө орон нутаг болон алслагдсан бүсийн замаар хэрхэн аюулгүй зорчих вэ?
Австралийн хөдөө орон нутаг болон алслагдсан бүсийн замуудын нөхцөл харилцан адилгүй бөгөөд суурин газар, шатахуун түгээх станц болон бусад үйлчилгээний цэгүүдийн хооронд маш хол зайтай байх тохиолдол бий. Мөн зам дээр зэрлэг амьтан, бэлчээрийн мал дайралдах, цаг агаарын нөхцөл гэнэт өөрчлөгдөх зэрэг эрсдэл тулгарч болно.
Үерийн усыг автомашинтай туулах гэж хэзээ ч бүү оролдоорой. Мөн үерийн улмаас хаасан зам руу нэвтэрч болохгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавиарай. Хурдаа тохируулж, замдаа тогтмол завсарлан амарч, боломжтой бол жолоочоо ээлжлэн сольж, жолооны ард хэт ядрахаас сэргийлээрэй. Мөн аль болох шөнийн цагаар жолоо барихаас зайлсхийх хэрэгтэй.Рис Херон
Холын замд жолоо барих үед ядрах нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг юм. Засгийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөмжөөр дор хаяж хоёр цаг тутамд завсарлаж амрахыг зөвлөдөг.
“Хэрэв онцгой нөхцөл байдал эсвэл өөр ямар нэг шалтгаанаар зогсож, замын хажуу руу гарах шаардлагатай бол өргөн хөвөөтэй хэсэг, түр зогсох талбай эсвэл амрах цэг сонгохыг хичээгээрэй. Ийм газар олдохгүй бол эргэлт дээр бус, шулуун замын бусад жолоочид холоос тод харагдах хэсгийг сонгон зогсож, ослын гэрлээ асаагаарай.”
Өдрийн цагаар ойрын гэрлээ асааж явах нь таны автомашиныг бусад замын хөдөлгөөнд оролцогчдод илүү тод харагдуулна. Харин шөнийн цагаар өөр тээврийн хэрэгсэл ойртон ирэх зэрэг шаардлагатай үед холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартуузай.
Бусад тээврийн хэрэгслийг зөвхөн гүйцэж түрүүлэхийг хуулиар зөвшөөрсөн, аюулгүй зайнд, үзэгдэх орчин хангалттай бүрдсэн үед гүйцэж түрүүлээрэй.
Мөн замд road train буюу нэг зүтгүүрт хоёр болон түүнээс олон чиргүүл залгасан хүнд даацын урт тээврийн хэрэгсэлтэй таарч болно.
Баруун Австралийн Мал аж ахуй болон хөдөө орон нутгийн тээврийн холбооны ерөнхийлөгч Бен Сазерландын тайлбарласнаар road train-ийг гүйцэж түрүүлэхэд онцгой анхаарал, жолоодлогын ур чадвар шаардлагатай.
“Road train-ийн ард тодорхой хэмжээний аюулгүй зай барьж яваарай... Гүйцэж түрүүлэх гэж байгаа бол аюулгүйгээр хийх бүрэн боломжтой эсэхээ сайтар нягтлах хэрэгтэй. Гүйцэж түрүүлэхэд дор хаяж нэг километр орчим саадгүй зай хэрэгтэй бөгөөд урдах замаа хоёр километр орчим зайд харахуйц үзэгдэх орчинтой байх шаардлагатай” гэж ноён Сазерланд хэллээ.
“Мөн таныг road train гүйцэж түрүүлж байгаа бол, бид удаан явж буй автомашинуудыг гүйцэж түрүүлэх тохиолдол байдаг, зам тавьж өгөөд хурдаа бага зэрэг сааруулаарай. Ингэснээр ачааны машин таныг аюулгүй гүйцэж түрүүлэх боломжтой болно.”
Ноён Херон том оврын road train-ийг гүйцэж түрүүлэх нь, ялангуяа чингэлэг эсвэл чиргүүл чирж яваа үед маш өндөр эрсдэлтэй байж болохыг онцолж байна.
“Ачааны машинууд цагт 100 километрээс илүү хурдлах боломжгүй. Тиймээс ийм том road train-ийг гүйцэж түрүүлэхэд нэлээд хугацаа, бүр 30 секунд хүртэл шаардагдаж болно. Жолоо барьж байхдаа замын эсрэг урсгалын талд 30 секунд явах нь маш аюултай. Тиймээс эрсдэл гарган гүйцэж түрүүлэхийн оронд гүйцэж түрүүлэхэд зориулсан нэмэлт эгнээ гарахыг хүлээх нь хамгийн зөв” гэж ноён Херон хэллээ.

Замын болон цаг агаарын нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хэрхэн авах вэ?
Аяллын явцад замын нөхцөл өөрчлөгдөж болзошгүй. Тиймээс зам хаасан эсэх болон цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол шалгаж, зөвхөн цахим навигацид найдахгүй байхыг хатагтай Петерсен зөвлөж байна.
“Нөөц хувилбар болгон цаасан газрын зураг эсвэл интернэтгүй үед ажилладаг навигац авч яваарай... Учир нь аппликэйшнүүд замын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг тэр бүр харуулдаггүй... Хөдөө орон нутаг, алслагдсан бүс рүү явах тусам гар утасны сүлжээний хамрах хүрээ багасдаг учраас эдгээр аппликэйшний мэдээлэл шаардлагатай хэмжээнд хурдан шинэчлэгдэхгүй байх тохиолдол бий” гэлээ.
Мөн тухайн орон нутгийн мэдээллийн эх сурвалжуудаас зам, цаг агаарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэрэгтэй мэдээлэл авах боломжтой.
Хэрэв ойн түймрийн улирал бол гал түймрийн аюулын зэрэглэлийг заавал шалгаарай. Мөн бусад онцгой нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд орон нутгийн радиогийн мэдээг сонсоорой.Рис Херон
Зорчиж буй муж эсвэл нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөн, замын нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээллийг шалгах нь чухал.
Мөн Австралийн Цаг уурын товчооны цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг болон зорчиж буй бүс нутгийнхаа онцгой байдлын албан ёсны мэдээллийг тогтмол шалгаарай.

Зам болон амрах цэгүүдийг бусадтай хэрхэн аюулгүй, зөв зохистой ашиглах вэ?
Замд бусдыг хүндэтгэж, анхаарал болгоомжтой зорчихын зэрэгцээ түр зогсож, амрах газруудаа ч мөн бусадтай зөв зохистой ашиглах нь чухал.
“Аяллын үеэр гарсан хогоо зориулалтын хогийн саванд хийгээрэй. Хэрэв хогийн сав байхгүй бол хогоо үлдээлгүй, авч явах хэрэгтэй. Мөн нийтийн бие засах газар ашигласан бол цэвэрхэн үлдээгээрэй...” гэж ноён Херон зөвлөж байна.
Зарим амрах цэг болон зогсоолыг хүнд даацын тээврийн хэрэгсэлд тусгайлан зориулсан байдаг. Учир нь эдгээр тээврийн хэрэгслийн жолооч нар хуулиар тогтоосон хугацаанд заавал амрах шаардлагатай.
Австралид аялж үзэх, зугаалах гайхамшигтай байгаль, үзэсгэлэнт газрууд олон бий. Тиймээс хатагтай Петерсений сануулж буйгаар замын хөдөлгөөнд тэвчээртэй, бусдыг хүндэтгэж оролцох нь хүн бүрийн аяллыг аюулгүй, таатай байлгахад чухал ач холбогдолтой.
“Жолооч бухимдсан үедээ буруу шийдвэр гаргах эрсдэлтэй. Тиймээс замын нөхцөлдөө тохируулан жолоодож, тэвчээртэй байж, анхаарлаа бүү сулруулаарай. Мөн аян замаа болон бусад жолоочийг ч хүндэтгэж зорчоорой.”
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





