Тасмани муж нэр дэвшүүлэх визийн хөтөлбөрөөр дамжуулан ур чадвартай цагаачдыг идэвхтэй татаж байна. Гэвч тэнд шинэ амьдралаа эхлүүлж буй олон хүний хувьд бүх зүйл санаснаар нь болсонгүй.
Activate Australia's Skills кампанит ажлын мэдээлснээр Австралид лиценз шаарддаг мэргэжлээр боловсрол эзэмшсэн 250 мянга гаруй байнгын оршин суугч цагаачид ажиллах хүчний хомсдол өндөр хэвээр байгаа нөхцөлд ч өөрсдийн ур чадвараас доогуур түвшний ажил эрхэлж байна.
Тус байгууллагын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар гадаадад эзэмшсэн ур чадвар, мэргэжлийн үнэмлэхийг Австралид хүлээн зөвшөөрүүлэх үйл явц нь "өндөр зардалтай, ойлгомжгүй, удаан хугацаа шаарддаг бөгөөд олон тохиолдолд шударга бус" байдаг ажээ.
Рабеа Бангладеш улсад эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байжээ.
Австралид ирснийхээ дараа эрүүл мэндийн салбарт ажил олоход ихээхэн хүндрэлтэй тулгарсан тухайгаа тэрээр SBS Examines-т ярьсан юм. Түүний бодлоор Австралид ажилласан туршлагагүй байсан нь үүний нэг шалтгаан байж магадгүй аж.
"Би Лонсестоны ерөнхий эмнэлэгт ажилд орох гэж оролдсон. Гэхдээ эмчээр биш, учир нь надад Австралийн эмчийн лиценз хараахан байхгүй. Тиймээс захиргааны ажил, янз бүрийн ерөнхий эмчийн эмнэлэгт туслахаар, мөн эмийн санд хүртэл ажилд орохыг хичээсэн."
Гэвч Рабеаг нэг ч байгууллага ярилцлагад урьсангүй.
Одоо тэрээр лабораторийн анагаах ухааны магистрын зэргээ төгсөхөөр суралцаж байгаа бөгөөд энэ нь удахгүй өөрийн мэргэжлээр ажил олоход нь тусална гэж найдаж байна. Харин энэ хугацаанд өөртэй нь ижил нөхцөл байдалтай олон цагаачийг ажиллуулдаг, ажлын байраар дамжуулан нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилготой Blueline Laundry байгууллагад ажиллаж байна.
2025 оны сүүлээр Холбооны Засгийн газар Цагаачдын ур чадварыг хүлээн зөвшөөрөх тогтолцооны шинэчлэлд зориулан ирэх дөрвөн жилийн хугацаанд 85 сая гаруй австрали долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан.
Гэсэн ч бизнесийн байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлүүд мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүмүүсийг өөрсдийн салбарт ажиллахад нь дэмжихийн тулд илүү их арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.
Энэ удаагийн SBS Examines дугаараар Австралийн хөдөлмөрийн зах зээлд цагаачдад тулгарч буй зарим бэрхшээл болон тэдэнд боломж нээхээр ажиллаж буй санаачилгын талаар хүргэлээ.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






