SKIP TO MAIN CONTENT

Австралийн тухай: Австралид жирэмсний болон амаржих үед ямар тусламж, үйлчилгээнүүд үзүүлдэг вэ

Australia Explained - Birth Care
Australia’s national strategy on how maternity care should be provided is structured around four values: safety, respect, choice and access. Source: Moment RF / d3sign/Getty Images

Хэрэв та Австралид анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй бол хаана, хэрхэн хүүхдээ төрүүлэхээ сонгох нь амаргүй санагдаж болох юм. Та улсын эсвэл хувийн эрүүл мэндийн тогтолцооны алийг нь сонгохоос үл хамааран өөрт байгаа сонголтуудаа сайтар ойлгож, өөртөө болон хүүхдэдээ хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хаанаас зөвлөгөө, мэдээлэл авахаа мэддэг байх нь чухал юм.


Published

By Zoe Thomaidou

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Skip to podcast episode content

Хэрэв та Австралид анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй бол хаана, хэрхэн хүүхдээ төрүүлэхээ сонгох нь амаргүй санагдаж болох юм. Та улсын эсвэл хувийн эрүүл мэндийн тогтолцооны алийг нь сонгохоос үл хамааран өөрт байгаа сонголтуудаа сайтар ойлгож, өөртөө болон хүүхдэдээ хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хаанаас зөвлөгөө, мэдээлэл авахаа мэддэг байх нь чухал юм.


ГОЛ АГУУЛГА

  • Та өөрийн эрүүл мэндийн шаардлага болон амьдарч байгаа байршлаасаа хамааран эмнэлэгт, амаржих төвд эсвэл гэртээ хүүхдээ төрүүлэх сонголт хийх боломжтой.
  • Continuity of care буюу тусламж үйлчилгээний тасралтгүй байдлын арга хэлбэр нь эмэгтэйчүүдийн төрөлтийн явц болон эх, хүүхдийн эрүүл мэндэд эерэг, сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой.
  • Жирэмсний хугацаанд танд тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтэн таны өвчний түүх болон хувийн сонголтод тохирсон мэдээлэл, зөвлөгөө өгөх боломжтой.

Австралийн эх, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэгчид хүн төвтэй тусламж үйлчилгээний зарчмыг баримталдаг. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдэд өөрсдийн авч болох тусламж үйлчилгээ болон амаржих талаар хангалттай мэдээлэлд үндэслэн сонголтоо хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг.

Австралид амаржихад ямар сонголтууд байдаг вэ?

Таны эрүүл мэндийн шаардлага, хувийн сонголт болон амьдарч буй газарт тань ямар үйлчилгээ боломжтой байгаагаас хамааран жирэмсний болон амаржих үеийн тусламж үйлчилгээний олон төрлийн сонголт бий.

Эх, нярайн тусламж үйлчилгээний хамгийн түгээмэл загваруудад улсын эмнэлгийн эх барихын тусламж үйлчилгээ, хамтарсан тусламж үйлчилгээ (shared care), эх баригчдын багийн тусламж үйлчилгээ (midwifery group practice), мөн хувийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн тусламж үйлчилгээ (private obstetrician care) багтдаг.

Та тусламж үйлчилгээний эдгээр загварын талаар Австралийн Засгийн газрын Pregnancy, Birth and Baby цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл өрхийн эмчдээ (GP) хандаж болно.

Pregnancy, Birth and Baby-ийн клиникийн ахлах мэргэжилтэн Рэйчел Уорбойс “Танай өрхийн эмч (GP) тухайн бүс нутагт тань боломжтой эх, нярайн тусламж үйлчилгээний төрлүүд, тэр дундаа улсын болон хувийн хэвшлийн тусламж үйлчилгээ, эх баригчийн хөтөлбөр зэрэг сонголтуудын талаар тайлбарлаж өгнө” хэмээлээ.

Australia Explained - Birth Care
Ask your maternity health provider for antenatal classes in your area. Credit: Getty Images/Maskot

Жирэмсний болон амаржих үеийн тусламж үйлчилгээний зардлыг хэн хариуцах вэ?

Хэрэв та хувийн даатгалтайгаар хүүхдээ төрүүлэх гэж байгаа бол таны хувийн эрүүл мэндийн даатгал зардлын тодорхой хэсгийг хариуцах боломжтой.

Улсын эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй өвчтөнүүдийн хувьд Medicare нь улсын эмнэлэгт хүүхэд төрүүлэх зардал болон жирэмсний үеийн ердийн тусламж үйлчилгээний ихэнх зардлыг хариуцдаг.

Хатагтай Уорбойс “Тухайлбал, жирэмсний хяналтын үеэр эх баригч эсвэл эмчтэй уулзах үзлэгүүд, жирэмсний үеийн бүлгийн сургалтууд, мөн шаардлагатай тохиолдолд хоол зүйч, нийгмийн ажилтан зэрэг эрүүл мэндийн бусад мэргэжилтний үйлчилгээ, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг авах зэрэг багтдаг” гэсэн юм.

“Гэхдээ зарим тохиолдолд өөрөөсөө нэмэлт төлбөр төлөх шаардлага гарч болно.”

Тиймээс Medicare эсвэл таны хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй аливаа төлбөр, хураамж байгаа эсэхийг жирэмсний болон төрөлтийн тусламж үйлчилгээ үзүүлэгчээсээ тодруулах нь зүйтэй.

Жирэмсний болон амаржих үед хэн надад тусламж үйлчилгээ үзүүлэх вэ?

Таны хэрэгцээ, тухайн үйлчилгээний хүртээмж болон хаана хүүхдээ төрүүлэхээр төлөвлөж байгаагаас шалтгаалан эх баригч, өрхийн эмч (GP), эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч (obstetrician), эсвэл хэд хэдэн эрүүл мэндийн мэргэжилтэн хамтран танд тусламж үйлчилгээ үзүүлж болно.

Эх баригч нь жирэмсний үед таны уулзаж болох цорын ганц мэргэжилтэн гэсэн үг биш. Гэхдээ та тусламж үйлчилгээний аль ч загварыг сонгосон жирэмснийхээ аль нэг үед эх баригчтай уулздаг.
Рэйчел Уорбойс

Хэрэв та улсын эмнэлэгт хүүхдээ төрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд таны жирэмслэлт өндөр эрсдэлтэйд тооцогдсон бол жирэмсний хяналтын хугацаанд голчлон эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж болно.

Харин хувиараа үзүүлэхээр шийдсэн бол хувийн эх баригч эсвэл хувийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийг сонгон үйлчлүүлэх боломжтой.

Хатагтай Уорбойс “Эх баригчид ихэвчлэн эрүүл, хүндрэлгүй жирэмслэлтийн үед тусламж, дэмжлэг үзүүлдэг бол эх барих эмэгтэйчүүдийн эмч нар илүү нарийн төвөгтэй нөхцөл байдлыг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд юм” гэж тайлбарлав.

“Аль аль нь маш сайн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Харин таны жирэмслэлтийн онцлог болон хувийн сонголтод аль нь хамгийн сайн тохирохыг сонгох нь чухал.”

Australia Explained - Birth Care
Continuity of care can help reduce the chance of premature birth. Credit: SDI Productions/Getty Images

Continuity of care гэж юу вэ?

Тасралтгүй үзүүлэх тусламж үйлчилгээ (continuity of care) гэдэг нь жирэмслэлт, төрөлтийн бүхий л хугацаанд нэг эмч, нэг эх баригч эсвэл цөөн тооны эх баригчдаас бүрдсэн нэг багийн тусламж үйлчилгээг тогтмол авахыг хэлнэ.

Ганцаарчилсан буюу нэг мэргэжилтэн бүх явцыг хариуцан, тусламж үзүүлдэг энэхүү загвар нь эх, хүүхдэд эерэг үр өгөөжтэй болох нь судалгаагаар тогтоогдсон.

Western Sydney Их Сургуулийн Эх барихуйн профессор Ханна Дален “Тухайлбал, эх баригчийн тасралтгүй үзүүлэх тусламж үйлчилгээний загвар нь эмнэлгийн оролцоо хамгийн бага, сэтгэл ханамж болон хөхөөр хооллох түвшин хамгийн өндөр байхад нөлөөлдөг бөгөөд төрөлттэй холбоотой сэтгэлзүйн гэмтлийн түвшин мөн бага байдгийг бид мэднэ” гэлээ.

Би эмнэлгээс өөр газар хүүхдээ төрүүлж болох уу?

Австралид ихэнх хүмүүс эмнэлэгт амаржихыг сонгодог.

Хэрэв таны амьдарч буй бүс нутагт амаржих төв (birthing centre) байдаг бол тэнд хүүхдээ төрүүлэх сонголт хийж болно. Төрөх төвүүд нь хүндрэлгүй жирэмслэлт буюу эмнэлгийн оролцоо багатай төрөх эмэгтэйчүүдийг хүлээн авч ажилладаг.

Эрсдэл багатай жирэмслэлтийн хувьд гэртээ төрөх сонголтыг ч мөн хийж болдог.

Профессор Дален “Гэртээ амаржих гэдэг нь бүртгэлтэй эх баригч таны жирэмсний бүхий л хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлж, гэртээ амаржих үед тань дуудлагаар бэлэн байж, төрөх үеэр гэрт тань ирж тусламж үзүүлэхийг хэлнэ” гэж тайлбарлав.

“Хэрэв бүх зүйл хэвийн байвал та хүүхдээ гэртээ өлгийдөн авна. Харин ямар нэгэн эрсдэл үүсвэл эх баригч таныг эмнэлэгт шилжүүлж болно.”

Гэрийн төрөлтийг сонгохтой холбоотой давуу тал болон болзошгүй эрсдэлийн талаар эх баригч эсвэл эмч тань тантай ярилцаж, мэдээлэл өгнө.

Гэртээ амаржих (homebirth) болон эмнэлгийн мэргэжилтний тусламжгүй төрөлт (freebirth) хоёр ижилхэн үү?

Homebirth болон freebirth нь ижил ойлголт биш.

Freebirth буюу эмнэлгийн мэргэжилтний тусламжгүй төрөх сонголт хийсэн бол бүртгэлтэй эрүүл мэндийн мэргэжилтэн таныг амаржихад байлцдаггүй.
Профессор Ханна Дален

Харин гэртээ амаржих сонголт хийсэн бол эмнэлгийн тусламж үзүүлэх мэргэжлийн сургалтад хамрагдсан, шаардлагатай тоног хэрэгслээр хангагдсан дор хаяж нэг хүн буюу ихэвчлэн бүртгэлтэй эх баригчид хамт байлцдаг.

“Эх баригчид хүчилтөрөгч, эм тариа, судсаар шингэн хийх хэрэгсэлтэйгээ очдог. Ямар нэгэн зүйл хэвийн бус болох магадлалыг бид хянаж байдаг бөгөөд хэзээ эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатайг ч анхааралдаа авсан байдаг.

Freebirth-ийн үед энэ бүх зүйлийн аль нь ч байхгүй гэсэн үг.”

Australia Explained - Birth Care
Take the time to find a care provider that you trust and feel comfortable with. Source: Moment RF / Halfpoint Images/Getty Images

Хэрхэн амаржихаа сонгоход хүндрэлтэй байвал яах вэ?

Хэрхэн амаржих олон сонголтоос алийг нь сонгохоо шийдэхэд эргэлзэж, түгших нь хэвийн үзэгдэл.

Мөн хэрэв таны сэтгэлзүйд хүндээр тусаж буй бол ийм асуудалтай тулгарч буй цорын ганц хүн зөвхөн та биш гэдгийг санаарай.

Жирэмсний болон төрсний дараах үеийн сэтгэл гутрал, түгшүүр (perinatal depression and anxiety буюу PNDA) нь жирэмсний болон төрсний дараах аль ч үед хүүхэд төрүүлсэн болон төрүүлээгүй эцэг, эхийн аль алинд нь тохиолдож болно гэж Мэтью Акуилина хэлсэн юм. Тэрээр жирэмсний болон төрсний дараах үеийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний үйлчилгээ үзүүлдэг Gidget Foundation Australia байгууллагын клиникийн багийн менежер юм.

Австралид таван ээж тутмын нэг, 10 аав тутмын нэг нь эцэг, эх болох замналынхаа аль нэг үед PNDA буюу жирэмсний болон төрсний дараах үеийн сэтгэл гутрал, түгшүүртэй тулгарч байснаа хуваалцсан байдаг.
Мэтью Акуилина

“Жил бүр ойролцоогоор 100,000 эцэг, эх энэ асуудалд өртдөг.”

Хэрэв танд сэтгэлзүйн эрүүл мэндийн дэмжлэг шаардлагатай бол өрхийн эмчтэйгээ (GP) ярилцаж, холбогдох мэргэжлийн үйлчилгээнд холбож өгөх referral аваарай.

Ямар байдлаар амаржиж, ямар туршлага бүтээхийг эрмэлзэж байгаагаа өөрөөсөө асуух нь хамгийн түрүүнд авах энгийн алхам хэмээн ноён Акуилина зөвлөж байна.

“Эсвэл өмнө нь хүүхэд төрүүлж байсан бол энэ удаагийн төрөлт юугаараа өөр байгаасай гэж хүсэж байгаа тухайгаа бодож болно.”

Эцсийн дүндээ хэрхэн амаржих талаараа сайн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргана гэдэг нь өөрт байгаа сонголтуудаа ойлгож, шийдвэр гаргах явцдаа шаардлагатай зохих дэмжлэгийг авахыг хэлнэ.

Pregnancy, Birth and Baby клиникийн ахлах мэргэжилтэн хатагтай Уорбойс “Энэ нь бүхэлдээ таны үзэл бодол, шаардлагыг сонсож, соёлын хэрэгцээ болон сонголтыг тань хүндэтгэх тухай юм. Мөн та, таны эх баригч болон эмчийн хооронд өрнөх яриа, гаргах шийдвэр бүрд өөрийг тань оролцоотой байлгах тухай юм” хэмээн дүгнэв.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now