SKIP TO MAIN CONTENT

Австралийн тухай: Бусдын хашаанаас жимс түүж болох уу?

Verge planting.jpg
A verge garden in Freemantle, WA. Credit: City of Fremantle

Австралийн хорооллоор алхаж явахад айлын хашаа эсвэл байшингийн гаднах зурвас газарт карри навч, нимбэг, улаан лооль зэрэг төрөл бүрийн ургамал ургасан байхыг харж болно. Гэхдээ тэдгээрээс түүж авах нь хуульд нийцэх үү? Энэ нийтлэлээс бусдын тарьж ургуулсан жимс, ногоог ямар тохиолдолд авч болох, яагаад зөвшөөрөл авах шаардлагатай болон өөрийн хүнсийг тарьж ургуулах өөр нэг боломж болох нийтийн цэцэрлэгийн талаар мэдэж аваарай.


Published

Updated

By Phil Tucak

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Skip to podcast episode content

Австралийн хорооллоор алхаж явахад айлын хашаа эсвэл байшингийн гаднах зурвас газарт карри навч, нимбэг, улаан лооль зэрэг төрөл бүрийн ургамал ургасан байхыг харж болно. Гэхдээ тэдгээрээс түүж авах нь хуульд нийцэх үү? Энэ нийтлэлээс бусдын тарьж ургуулсан жимс, ногоог ямар тохиолдолд авч болох, яагаад зөвшөөрөл авах шаардлагатай болон өөрийн хүнсийг тарьж ургуулах өөр нэг боломж болох нийтийн цэцэрлэгийн талаар мэдэж аваарай.


ГОЛ АГУУЛГА

  • Бусдын хашаанаас зөвшөөрөлгүй жимс, ногоо авах нь хууль бусаар хувийн эзэмшилд нэвтэрсэн болон хулгай хийсэнд тооцогдож болзошгүй.
  • Хашаа болон байшингийн гаднах зурвас газарт ургасан жимс, ногоог авахаасаа өмнө тухайн айлын оршин суугчаас үргэлж зөвшөөрөл аваарай. Харин бусдад үнэгүй авахаар зориулж тавьсан нь тодорхой бол зөвшөөрөл авах шаардлагагүй.
  • Орон нутгийнхаа нийтийн цэцэрлэгт нэгдэж, өөрийн жимс, ногоог тарьж, бусадтай хуваалцах боломжтой.

Бусдын цэцэрлэг эсвэл байшингийн гаднах нийтийн зурваст ургаж буй жимс, ногоог авч болох уу?

Бусдын хашаанд боловсорч гүйцсэн жимс ургаж байхыг хараад түүж авмаар санагдаж болох юм.

Гэхдээ Фримантл хотын захиргааны Олон нийтийн аюулгүй байдлын багийг ахалдаг Жаррад Дагганы тайлбарласнаар, бусдын хашаанаас зөвшөөрөлгүй жимс, ногоо авах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож болно.

“Үнэндээ бусдын зөвшөөрөлгүйгээр хувийн эзэмшлийн газарт нэвтрэх нь хуульд нийцэхгүй. Тиймээс хэн нэгний эзэмшлийн газар руу зүгээр л ороод, тэндээс ямар нэгэн зүйл авч болохгүй. Учир нь энэ нь хулгайд тооцогдож болзошгүй” гэж ноён Дагган хэлэв.

Өөрөөр хэлбэл, бусдын тарьж ургуулсан жимс, ногоог авахаасаа өмнө тухайн газрын өмчлөгчөөс үргэлж зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ зарчим нь айлын байшингийн гаднах зурвас газарт ургаж буй жимс, ногоонд ч ерөнхийдөө хамаарна.

“Байшингийн гаднах зурвас газраас ямар нэгэн зүйл зөвшөөрөлгүй авах нь мөн хуульд нийцэхгүй. Энэ нь хотын захиргааны газар хэдий ч тэндээс ямар нэгэн зүйл авахын тулд зөвшөөрөл хэрэгтэй.

Зөвшөөрлийг хотын захиргаанаас бус, тухайн байшинд амьдардаг хүн эсвэл өмчлөгчөөс нь авах ёстой” гэж тэр хэлэв.

Verge tree.jpg
It may be tempting to pick fruit from a neighbour's tree—but is it legal? Credit: Pexels/Strannik-sk

Бусдын цэцэрлэгт ургаж буй жимс, ногоог харсан тохиолдолд ямар ёс зүй баримтлах хэрэгтэй вэ?

Хэрэв та бусдын хашаа эсвэл гаднах зурвас газарт ургаж буй жимс, ногооноос авахыг хүсвэл хамгийн түрүүнд асуух л хэрэгтэй.

“Та үргэлж зөвшөөрөл авах хэрэгтэй. Хаалгыг нь тогшиж асууж болно, эсвэл эелдгээр зурвас үлдээж болно. Хэрэв зөвшөөрөл авсан бол хэр хэмжээгээр авч болохоо мөн асуух нь зүйтэй. Бас ургамлыг гэмтээж болохгүй” гэж ноён Дагган хэлэв.

Олон хүн илүү гарсан жимс, ногоогоо бусадтай дуртайяа хуваалцдаг. Ялангуяа эхлээд зөвшөөрөл хүссэн бол тэд эергээр хүлээж авах нь элбэг. Зарим хүн бүр жимс, ногоогоо гадаа тавьж, бусдад үнэгүй авахыг санал болгодог.

“Жишээлбэл, гудамжаар алхаж явахдаа байшингийн гаднах зурвас газар дээр ‘үнэгүй’ гэсэн бичигтэй, нимбэгээр дүүргэсэн жижиг цаасан хайрцаг харж болно. Энэ нь тухайн хүн нимбэгээ үнэгүй өгч байгааг тодорхой илэрхийлж байгаа учраас ийм тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж ноён Дагган хэлэв.

Andrea Sciubba.jpg
Andrea Sciubba leaves out her excess lemons for neighbours to take. Credit: Josh Jenkins

Перт хотын Недлэндс дүүргийн оршин суугч Андреа Шубба илүү гарсан жимсээ яг ингэж бусадтай тогтмол хуваалцдаг.

“Манай арын хашаанд олон жилийн настай нимбэгний мод бий. Аз болоход жил бүр маш их жимс ургадаг."

Би чадах хэмжээгээрээ түүж, хайрцагт хийгээд шуудангийн хайрцгийнхаа дэргэд тавьдаг. Ингэхээр хүмүүс хүссэнээрээ авч болно.
Андреа Шубба

Өөрийн байшингийн гаднах зурвас газарт жимс, ногоо тарьж болох уу?

Байшингийн гаднах verge буюу nature strip нь ерөнхийдөө орон нутгийн захиргааны хариуцдаг нийтийн эзэмшлийн газар байдаг. Гэсэн хэдий ч тухайн газартай залгаа үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч эсвэл оршин суугч нь өвс хадах зэрэг өдөр тутмын арчилгааг хариуцах нь түгээмэл.

Гаднах зурвас газартаа жимс, ногоо, амтлагч ургамал тарьж болох эсэх нь тухайн орон нутгийн захиргааны дүрэм журмаас хамаарна.

“Энэ нь хотын захиргаа бүрд өөр. Зарим нь зөвшөөрдөг бол зарим нь бүрэн хориглосон байж болно” гэж ноён Дагган хэлэв.

Нийтийн цэцэрлэг гэж юу вэ?

Хэрэв та гэртээ хүнсний ургамал тарих хангалттай талбайгүй бол community garden буюу нийтийн цэцэрлэгт нэгдэх нь өөр нэг боломж юм.

Сидней хотын Hurstville-д байрлах Hurstville Community Garden нь хамтран ашигладаг цэцэрлэгжүүлэлтийн талбай болон хувь хүмүүс жимс, ногоо тарих зориулалттай 30 гаруй тусдаа хэсэгтэй гэж тус цэцэрлэгийн гишүүн София Карвахал тайлбарлав.

“Ялангуяа анхлан суралцаж байгаа бол олон жил ногоо тарьсан хүмүүсээс суралцах гайхалтай боломж. Жимс, ногоог хэрхэн тарих талаар маш их зүйл сурна. Мөн багаар хэрхэн хамтарч ажиллахыг сурдаг нь маш чухал.”

Urban produce.jpg
Produce can often be seen growing in a front garden. Credit: Pexels/Ivy Nguyen

Нийтийн цэцэрлэгт оролцогчид хөрс, бордоо бэлтгэх, ямар ургамал тарих, тэдгээрийг хэрхэн арчлах талаар суралцдаг.

“Нийтийн цэцэрлэг бүр өөр өөрөөр ажилладаг. Гэхдээ ихэнхэд нь эхлээд тодорхой хугацаанд суралцаж, дараа нь өөрөө ямар нэгэн зүйл тарьж, эцэст нь ургуулсан зүйлээсээ гэртээ авч харих боломжтой байдаг” гэж хатагтай Карвахал хэлэв.

Нийтийн цэцэрлэг ямар давуу талтай вэ?

Нийтийн цэцэрлэгт бүх хүмүүс нэгдэх боломжтой. Гэхдээ гишүүнчлэлийн журам болон хүлээлгийн жагсаалт нь газар бүрд өөр байдаг. Ихэнх нийтийн цэцэрлэг шаардлагатай багаж хэрэгслээр хангадаг.

Нийтийн цэцэрлэг нь эх орондоо хэрэглэдэг ч эндхийн худалдааны төвүүдээс олж чаддаггүй жимс, ногоогоо өөрөө тарьж ургуулах гайхалтай боломж.
София Карвахал

Жимс, ногоо тарих боломжоос гадна олон нийтийн цэцэрлэгүүд бүх насны хүмүүст зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

“Хэрэв хүүхэдтэй бол цэцэрлэгт ном унших зэрэг үйл ажиллагаанд оролцож болно. Бүх насны хүмүүст зориулсан маш олон хөтөлбөр бий. Мөн сэтгэн бодох ялгаатай онцлогтой хүмүүст зориулсан, өөрийн талбайд ургамал тарьж арчлах боломжтой хөтөлбөр ч байдаг. Энэ тун сайн тайвшруулах нөлөөтэй. Мөн хог хаягдалгүй амьдралын хэв маяг, бордоо бэлтгэх, пермакультурын талаар хөтөлбөрүүд зохион байгуулдаг. Нийтийн цэцэрлэгийн ач холбогдол нь хүмүүсийг нэгтгэж, хамтын нийгэмлэгийг бий болгодогт оршдог” гэж хатагтай Карвахал хэлэв.

Тиймээс та шинэхэн жимс, ногоогоо бусадтай хуваалцах эсвэл өөрөө тарьж ургуулахыг хүсэж байвал нийтийн цэцэрлэг нь бодитой, хүртээмжтэй боломж юм.Харин бусдын хашаа эсвэл байшингийнх нь гаднах зурвас газарт жимс, ногоо ургаж байхыг харвал авахаасаа өмнө заавал зөвшөөрөл аваарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now