Гол агуулга:
- Абориген болон Торресийн хоолойн арлын хүмүүс мянга мянган жилийн турш хувцас, гоёл чимэглэлээ нутгийн уур амьсгал, өөрсдийн соёл, хүн амдаа тохируулан зохион бүтээсээр иржээ.
- Анхны Үндэстний дизайнерууд дэлхийн хэмжээнд бахархалтайгаар гарч байна.
- Уламжлалт мэдлэгт тулгуурлан Анхны Үндэстний дизайнерууд тогтвортой байдлын чиглэлээр манлайлан ажиллаж байна.
- Анхны Үндэстний загварыг хаанаас харж болох вэ?
- Анхны Үндэстнүүдийн загвар юугаараа онцлог вэ?
- Анхны Үндэстний загвар байгаль орчинд хэр ээлтэй вэ?
- Анхны Үндэстний уран бүтээлчдэд боломж нээх нь
- Би Абориген брэндийн хувцас өмсөж болох уу?
Колоничлолоос өмнө Австралийн Анхны Үндэстэн ард түмэн өөрсдийн уур амьсгал, байгаль орчин болон амьдралын хэв маягт тохирсон хувцсыг хөгжүүлсэн байв.
Тэдний хэн болох, хаанаас ирсэн, ямар харьяалалтай вэ гэдгийг өмссөн хувцас нь бүрэн илэрхийлж чаддаг байжээ.

Анхны Үндэстний загварыг өнөөдөр хаанаас харж болох вэ?
Урт хугацаанд Абориген болон Торресийн хоолойн арлын загвар үндсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг харагддаггүй байлаа. Барууны хэв маягийн хувцсыг албаныхан, сургууль болон засгийн газрын бодлогоор дамжуулан нэвтрүүлж байсан бол Анхны Үндэстний хүмүүс соёлын хувцсаа өөрсдийн коммунити болон ёслолын хүрээндээ хадгалан үлдээж байв.
Сүүлийн арван жилд энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн. Одоо Анхны Үндэстний дизайнерууд дэлхий даяар бахархалтайгаар гарч ирж байна.
Та Абориген болон Торресийн хоолойн арлын загварыг Australian Fashion Week зэрэг үндэсний хэмжээний арга хэмжээнүүдэд, жил бүр зохион байгуулагддаг First Nations загварын тайз Country to Couture дээр, мөн Vogue зэрэг томоохон сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байгаагаар харж болно. First Nations Fashion + Design болон National Indigenous Fashion Awards зэрэг санаачилгууд нь Анхны Үндэстний уран бүтээлчдэд олон хүрэх, бие даасан платформуудыг бий болгоход нь тусалсан юм.

Dunghutti болон Anaiwan гаралтай уран бүтээлч, мөн Aus Indigenous Fashion онлайн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Yatu Widders Hunt-ийг хүүхэд байхад Сиднейд тэдний төлөөлөл маш хязгаарлагдмал байсан хэмээн дурсан ярьдаг.
Би өсвөр насны хүүхэд байхдаа өөрийнхөө мөн чанар, Анхны Үндэстний орчин үеийн илэрхийллийг олж мэдэх арга замыг эрж хайдаг байсан. Тэр үед загвар бол үүнийг хийх хамгийн сайн арга юм байна гэдгийг ойлгосон.Yatu Widders Hunt
Whadjuk Noongar гаралтай модель, Mob in Fashion-ийн үүсгэн байгуулагч Nathan McGuire моделийн ажлаа эхлүүлж байхад зураг авалтын талбай дээр ганц Абориген хүн нь байсан гэлээ.
Харин өнөөдөр энэ салбарт илүү олон Анхны Үндэстний авьяастнууд ажиллаж байна.
“Энэ нь манай хүмүүсийн харагдах байдал, бидний гоо үзэсгэлэнг энэ улсад үнэлүүлж байгаа хэрэг. Ийм л байх ёстой байсан.,” гэж тэр хэлжээ.

Анхны Үндэстнүүд загварыг хэрхэн онцлог болгодог вэ?
Олон Анхны Үндэстний брэндүүд өөрсдийгөө түүх дээр суурилсан эсвэл Country-той холбогдсон гэж тодорхойлдог. Энд ‘Country’ гэдэг нь газар, ус, тэнгэр, нийгэмлэг болон соёлыг илэрхийлдэг.
Загварууд нь ихэвчлэн тодорхой газар нутаг, хэл эсвэл соёлын сэдэвтэй байдаг.
Хээ, принтүүд нь Анхны Үндэстэн хүмүүсийн бүтээл байдаг бөгөөд тэдэнд зохих нэр хүндийг өгч, төлбөрийг нь төлдөг. Мөн олон брэндүүд тогтвортой, чанартай байхын тулд жижиг хэмжээний цуглуулгуудыг аажмаар гаргадаг.
Yolŋu гаралтай бүтээлч захирал, Liandra брэндийг үүсгэн байгуулагч Liandra Gaykamangu хэлэхдээ, түүний брэнд соёлыг нээлттэй, урьсан байдлаар хуваалцах зорилготойгоор бий болсон гэв.
Бид өнгө, соёл, баяр баяслыг эрхэмлэсээр ирсэн. Загвараар дамжуулан манай нийгэмлэгээс гадуурх хүмүүст Австралийн олон талт онцлог болон соёлын нарийн ялгааг ойлгож, тэмдэглэх боломж олгодог нээлттэй урилга илгээж байна гэж үздэг.Liandra Gaykamangu
Түүний цуглуулга эхнээсээ л тодорхой нэг түүхийг агуулж иржээ. Даашинз эсвэл цамцан дээрх хээ нь зүгээр нэг чимэглэл биш бөгөөд соёл, түүх эсвэл нийгэмлэгийн тухай яриа эхлүүлэх шалтгаан болдог.
Анхны Үндэстний загвар байгаль орчинд ээлтэй бүтээл үү?
Олон Анхны Үндэстний дизайнерууд өөрсдийн ажлыг газар нутаг болон нөөц баялагтай тогтоосон илүү эртний харилцааны нэг хэсэг гэж үздэг. Уламжлалт хувцасны арга барил нь зөвхөн хэрэгцээтэй зүйлсийг ашиглах, амьтан ургамлыг хүндэтгэх, улирлыг ойлгох зарчим дээр тулгуурладаг байжээ. Орчин үеийн брэндүүд энэ сэтгэлгээг өнөөгийн загварын системд тохируулан ашиглаж байна.
Yatu-ийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны доройтолд хариу өгөхийг оролдож буй салбаруудад Анхны Үндэстний мэдлэг маш чухал юм.
“Анхны Үндэстний дизайнерууд Country-ийг хүндэтгэсэн байдлаар бизнесүүдийг бий болгох тал дээр манлайлан ажиллаж байна,” гэж тэр хэллээ.
Хэрэглэгчдийн хувьд энэ нь соёлыг дэмжихийн зэрэгцээ илүү хариуцлагатай, урт хугацаанд бодож үйлдвэрлэсэн хувцсыг сонгох боломж байж болно.

Анхны Үндэстний уран бүтээлчдэд боломж нээх нь
Абориген болон Торресийн хоолойн арлын өмчит брэндүүд болон студиудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэд загварын салбарын бүх хүрээнд цалинтай ажилд хүрэх боломжийг бий болгож байна.
Liandra өөрийн брэндийг ашиглан алслагдсан болон бүс нутгийн нийгэмлэгүүдийг салбарын түвшний боломжуудтай холбодог. Төслүүд болон хамтын ажиллагаагаар дамжуулан түүний брэнд шинээр гарч ирж буй уран бүтээлчдэд туршлага хуримтлуулах, улмаар өөрсдийн карьерыг эхлүүлэх боломж олгосон байна.
“Манай моделууд Австралийн шилдэг агентлагуудтай гэрээ байгуулж, олон улсын загварын тайзан дээр алхаж, гайхалтай кампанит ажлуудад оролцож, цаашлаад өөрсдийн эдийн засгийн бие даасан байдлыг бий болгож чадсан.”
Yatu хэлэхдээь Үндэсний хэмжээнд Анхны Үндэстний бизнесүүд аль хэдийн эдийн засгийн томоохон хэсэг болсон бөгөөд тэднийг дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж байна.
“Маш эрчимтэй хөгжиж буй Анхны Үндэстний бизнесийн салбарууд байдаг. Манай дизайнерууд болон уран бүтээлчид улс даяар, тэр дундаа алслагдсан бүсүүдэд ажиллаж байна. Тиймээс та Анхны Үндэстний загварыг худалдан авснаар Анхны Үндэстний бизнесийг дэмжиж байгаа хэрэг болох юм.”
Би Абориген брэндийн хувцас өмсөж болох уу?
Анхны Үндэстний загварт хэрхэн хүндэтгэлтэйгээр хандах вэ гэдгийг ойлгох нь төвөгтэй байж болох юм. Энд хэдэн энгийн зөвлөмж байна.
Олон Анхны Үндэстний брэндүүд ‘ally friendly’ буюу хэн ч өмсөж болно гэсэн тодорхойлолиыг шошгондоо бичдэг.
Зарим ёслол эсвэл соёлын тусгай үүрэгт зориулсан хувцас нь зөвхөн Абориген болон Торресийн хоолойн арлын хүмүүст зориулагдсан байдаг. Эдгээрийг ихэвчлэн онлайн хуудас дээр нь эсвэл шошгон дээр тодорхой тэмдэглэсэн байгаа.
“Анхны Үндэстний дизайнеруудын ихэнх нь хүн бүрт хүртээмжтэй бүтээл хийдэг. Зөвхөн уугуул хүмүүст биш,” гэж Yatu тайлбарлав. “Мөн энэ нь сэтгэл хөдөлгөм зүйл гэж би боддог. Учир нь Анхны Үндэстний түүхийг өгүүлэх нь үнэндээ Австралийн түүхийн нэгэн чухал хэсэг юм. Манай соёл маш өгөөмөр, дулаан. Хүмүүс үүгээр бахархаасай гэж бид хүсдэг.”

Загварыг шинээр ирсэн цагаачид Анхны Үндэстний нийгэмлэгүүдтэй холбогдох орчин үеийн, сонирхолтой арга гэж Nathan үздэг. Анхны Үндэстний брэндээс худалдан авах, загварын тайзны шоу үзэх эсвэл дизайнеруудыг сошиал медиад дагах зэргээр та тэднийг дэмжиж болно.
Анхны Үндэстний загвар нь бидний өмсдөг хувцас шиг энгийн зүйлээр дамжуулан хүндэтгэл болон холбоог бий болгох арга юм.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






