Сүүлийн үед цагаачлалын тоо хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг болж, улс төрчид болон тоймчид өөр өөр тоо баримтууд эш татах болсон. Гэвч эдгээр үзүүлэлтийн олонх нь Австралид байнгын суурьшиж буй хүмүүсийн тоог бодит хэмжээнээс нь нэлээд өндөр мэт харагдуулдаг. Тэгвэл цагаачлалыг үнэндээ хэрхэн хэмждэг вэ?
Австралийн Статистикийн Товчооны (ABS) Хүн ам зүйн албаны дарга Бьорн Жарвис SBS Examines-д, Гадаад шилжилт хөдөлгөөний цэвэр үзүүлэлт (Net Overseas Migration буюу NOM) нь цагаачлал Австралийн хүн амын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг хэмждэг албан ёсны үзүүлэлт бөгөөд үүнийг “16 сард 12” дүрэм ашиглан тооцдог гэжээ.
Гэхдээ энэ дүрмийн дагуу олон улсын оюутнууд, ажиллах болон аялах визтэй хүмүүс, мөн PALM хөтөлбөрийн ажилчид зэрэг түр виз эзэмшигчид сүүлийн 16 сарын 12 сарыг Австралид өнгөрүүлсэн бол мөн энэ тооцоонд багтдаг.
NOM нь Австрали руу орж, гарч буй хүмүүсийн хөдөлгөөнийг хэмждэг цорын ганц мэдээллийн сан биш бөгөөд мэргэжилтнүүд эдгээр үзүүлэлтийг хооронд нь орлуулан ашиглахгүй байхыг анхааруулдаг.
Хил дамнан зорчиж буй хүмүүсийн хөдөлгөөнийг бүртгэдэг Overseas Arrivals and Departures буюу OAD-ийг мөн Австралийн цагаачлалын хэмжээг илэрхийлэх үзүүлэлт болгон буруу эш татах тохиолдол гардаг.
“Одоогийн байдлаар үүнийг цагаачлалын хэмжээг тодорхойлох үзүүлэлт болгон ашиглавал цагаачлалын тоог ойролцоогоор 60 хувиар буюу 180 мянга орчим хүнээр хэтрүүлэн тооцсон дүн гарах болно” хэмээн Жарвис хэлжээ.
Цагаачлалын яамны Тэргүүн дэд нарийн бичгийн дарга асан Абул Ризви, ABS-аас гаргадаг өөр өөр мэдээллийн сангуудыг улс төрчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ашиглах тохиолдол олон байдаг гэжээ.
Хэд хэдэн байгууллага байнгын болон урт хугацааны цэвэр шилжилт хөдөлгөөний мэдээллийг ашиглан Австрали руу чиглэсэн цагаачлал огцом нэмэгдэж, хурдацтай өсөж байна гэж тайлбарласан. Энэ бол үнэн биш.Цагаачлалын яамны Тэргүүн дэд нарийн бичгийн дарга асан Абул Ризви
Австралийн Үндэсний Их Сургуулийн Цагаачлалын төвийн захирал, профессор Алан Гамлен хэлэхдээ, цагаачлалын тоон мэдээллийг зохих нөхцөл, тайлбаргүйгээр танилцуулах нь мөн төөрөгдөлд хүргэж болзошгүй бөгөөд үүнд ирээдүйн NOM-ийн талаарх урьдчилсан таамаг ч багтана гэжээ.
SBS Examines энэ долоо хоногийн дугаараар цагаачлалын тоон мэдээллийг хэрхэн тооцдог, мөн Австралид ирж буй цагаачдын бодит тооны талаарх буруу ойлголтуудын талаарх сэдвийг хөндлөө.
Энэ дугаарыг SBS Cantonese-тай хамтран бэлтгэв.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






