2017 онд Wajuk, Balardung, Kija болон Yulparitja хүн Clinton Pryor Австралиар хөндлөн гулд алхаж, уугуул иргэдийн амьдрах орчны хязгаарлалт, ядуурлын эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Тухайн үед 27 настай байсан тэрээр Perth хотоос Canberra хүртэл 6,000 км замыг нэг жилийн хугацаанд туулжээ. Замынхаа дунд тэрээр видео сэтгүүлч Alfred Pek-ээс Facebook мессеж хүлээн авсан байна.
“Тэр үүнийг цагаачдын олон нийтэд хүргэхийг хүссэн. Бас өөрөө ч суралцахыг хүсэж байсан,” хэмээн Clinton SBS Examines-д ярьсан юм.
“Хүн байхын хувьд, бид зарим зүйлийг ажиглаж, хэн нэгний хийж буй зүйлийг хардаг ч яаж ойртож, эхний алхам хийхээ мэдэхгүй байх үе бий. Харин Alfred тэр эхний алхмыг хийсэн.”
Alfred өсвөр насандаа Индонези улсаас Австралид цагаачилан иржээ. Clinton-ы алхалт түүнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэдэг.
“Энэ газар нутгийг булаан авсан явдлаас цагаач хүний хувьд би ч бас ашиг хүртсэн нэгэн гэдгээ мэддэггүй байлаа. Австралийн иргэн болсноор энэ нь яг юу гэсэн үг болохыг, түүхийн хүрээнд надад заагаагүй. Clinton Pryor-той хамтран ажиллаж эхэлсний дараа л энэ бүхнийг жинхэнэ утгаар нь ойлгож эхэлсэн. Энэ бол миний хувьд эргэлтийн мөч байсан,” хэмээн тэр хэллээ.
Тэдний нөхөрлөл 1996 онд анх эхэлсэн Reconciliation Week-ийн нэгэн хэсэг Эвлэрлийн үзэл санаанд үндэслэжээ.
“Эвлэрлийн гол цөм бол эв санааны нэгдэл буюу allyship юм,” хэмээн Shankar Kasynathan, Үндэсний Эвлэрэл, Үнэн ба Шударга ёсны Төвийн ахлах судлаач ярив.
“Бид Австралийн түүхийн нэг хэсэг болж байна, харин энэ нь бидэнд хариуцлага дагуулдаг... Энэ бол бид ирээдүйд хэрхэн харилцаагаа бүтээх тухай юм.”
Sri Lanka-ийн иргэний дайнаас зугтан ирсэн Тамил гаралтай Shankar олон соёлт иргэдтэй хамтран эвлэрлийн чиглэлээр ажилладаг.
“Олон цагаач, дүрвэгч хүмүүсийн хувьд нутгаасаа хөөгдөх, нутаг заагдах, соёлоо алдах гэдэг ойлголтууд ихээхэн танил байдаг. Гэхдээ бид өөрсдийн түүхийг Австралийн уугуул ард түмний түүхтэй холбож ойлгох нь тэр бүр байдаггүй.
Харин тэр холбоо тогтох үед харилцан дэмжлэг, эв санааны нэгдэл дээр суурилсан жинхэнэ нөхөрлөлийн үндэс бий болдог гэж би боддог.”
SBS Examines подкастын энэ дугаарыг Үндэсний Эвлэрлийн долоо хоногт зориулан бүтээж, Австралийн эвлэрлийн замд цагаач хүмүүсийн гүйцэтгэж буй үүргийг онцолж байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.