Австралид та гурван төрлийн далбаа хамтдаа мандаж байхыг харж магадгүй: Үүнд Австралийн Үндэсний Далбаа, Аборижинал Далбаа болон Торресын Хоолойн Арлын Далбаа багтдаг. Австралийн уугуул ард түмэн нь Аборижинал болон Торресын Хоолойн Арлынхан гэсэн хоёр тусдаа бүлгээс бүрддэг бөгөөд тэд өөр өөрийн түүх, соёл, хэл, болон өөрсдийн гэсэн далбаатай. Маш олон Торресын Хоолойн Арлынхны хувьд тэд арал дээр, эх газарт эсвэл гадаадад амьдарч байгаа эсэхээс үл хамааран энэ далбаа нь тэдний хэн болох, хаана харьяалагдахыг илэрхийлдэг хүчтэй бэлгэдэл юм.
Гол агуулга:
- Торресын Хоолойн Арлын Далбаа газар нутаг, далай тэнгис ба ард түмнийг илэрхийлдэг.
- Энэхүү далбааг 1992 онд Торресын Хоолойн Арлын уугуул уран бүтээлч Uncle Bernard Namok Snr зохион бүтээсэн бөгөөд одоо Австралийн үндэсний гурван далбааны нэг болсон.
- Энэ нь ногоон, цэнхэр, хар бас цагаан өнгөтэй бөгөөд dari (толгойн гоёл) болон Торресын хоолойн таван арлын бүлгийг илэрхийлсэн таван хошуу од дүрсэлсэн байдаг.
- Олон хүний хувьд уг далбаа нь өөрсдийгөө тодорхойлох, бахархал бас амьд үлдэхийн бэлгэ тэмдэг бөгөөд одоо дэлхий даяар түгээд байна.
- Торресын Хоолойн Арлын Далбаа хаанаас гаралтай вэ?
- Торресын Хоолойн Арлын Далбаа юуг илэрхийлдэг вэ?
- Энэхүү далбаатай зэрэгцэн өсөх ямар байдаг вэ?
- Бид энэ далбааг хаана хардаг вэ?
- Ирээдүй хойч үеийнхэнд энэ далбаа юуг бэлгэддэг вэ?
Торресын Хоолойн Арлын Далбаа хаанаас гаралтай вэ?
Торресын Хоолойн Арлууд нь Квинсланд мужийн Кейп-Йорк хойгийн үзүүр хэсэг болон Папуа Шинэ Гвинейн хооронд оршдог арлуудын бүлэг юм. Эдгээр арлууд нь:
- Хойд Бүс (Boigu, Dauan, Saibbai)
- Зүүн Арлууд (Erub, Mer, Ugar)
- Баруун Бүс (St Pauls, Kubin, Badu, Mabuiag)
- Төвийн Бүс (Masig, Poruma, Warraber, Iama)
- Өмнөд Бүс (Thursday, Horn, Prince of Wales, Hammond Арлууд, NPA буюу Хойд хойгийн бүс болон Австралийн эх газар.
1992 онд Арлуудыг Зохицуулах Зөвлөлөөс Торресын хоолойн арлынхны дунд өөрсдийн хамтын нийгмийг төлөөлөх далбааг зохион бүтээх уралдаан зарлажээ. Уралдаанд Пүрэв гарагийн арал буюу Thursday Island-аас гаралтай Uncle Bernard Namok-ийн бүтээл түрүүлсэн байна.
Uncle Bernard-ын хүү Bernard Namok Jnr аавыгаа Thursday арал дээр, гэрийнхээ гал тогооныхоо ширээн дээр тэмцээнд зориулж далбааныхаа загвар дээр оройн цагаар ажилладаг байсныг санадаг.
Uncle Bernard өөрийн бүтээсэн загвар нь ард түмнийхээ бэлгэ тэмдэг болохыг үзэж амжилгүй, уралдаан дууссаны дараахан хорвоог орхижээ. Bernard Jnr-ын хувьд энэ далбаа аавтайгаа холбоотой дурсамжийг нь мөнхөд хадгалдаг. Тэрээр аавыгаа шөнө бүр ширээний ард суун далбааныхаа загварыг зурж байсныг одоо ч тодхон санадаг.

Торресын Хоолойн Арлын Далбаа юуг илэрхийлдэг вэ?
Далбааны өнгө болон бэлгэдэл бүр өөрийн гэсэн утга агуулгатай:
- Ногоон өнгө нь эх газрыг
- Цэнхэр өнгө нь Торресын Хоолойн усыг
- Хар өнгө нь Торресын Хоолойн Арлын уугуул иргэдийг
- Цагаан өнгийн "dari" (уламжлалт толгойн гоёл) нь Торресын Хоолойн Арлын уугуул иргэдийн соёлын онцлогийг
- Цагаан таван хошуу од нь Торресын Хоолойн таван үндсэн арлын бүлгийг илэрхийлдэг.
Аборижинал болон Торресын Хоолойн Арлын Эрх зүйгээр суралцаж буй Tyrell Viti Thursday аралд төрж өссөн бөгөөд өдгөө Квинсландын Таунсвилл хотод амьдардаг.
Тэр "Миний хувьд энэ далбаа бол бидний соёлын үнэмлэхүй нэг хэсэг" хэмээв. "Энэ бол бидний түүхийн томоохон хэсэг. Ийм төлөөлөх зүйлтэй байна гэдэг маш чухал. Ялангуяа жижигхэн нийгмийн бүлгийн хувьд энэ далбааг харахад бид хэн болох, хаашаа явж байгаа, колоничлолоос хойших шударга бус явдлуудыг даван туулж хэрхэн урагшилж байгааг өгүүлдэг.
“Нэгэн цагт манай ард түмнийг хүн биш, ургамал амьтантай адилтган үздэг байсан. Тиймээс энэ далбаа өөрөө бидний өмнөөс ярьдаг. Энэ далбаа намайг харагдаж, хүлээн зөвшөөрөгдөж буй хүн гэдгийг мэдрүүлдэг. Учир нь энэ далбаа миний ард түмнийг төлөөлдөг.”

Энэхүү далбаатай зэрэгцэн өсөх ямар байдаг вэ?
Bernard Jnr болон Tyrell хоёулаа Thursday аралд өссөн. Тэдний хэлснээр тус арал нь жижигхэн гэхдээ гэр бүл, соёлоор дүүрэн завгүй нийгмийн бүлэг юм.
Tyrell-ийн хувьд энэ далбаа нь өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг:
“Шүүхийн танхим зэрэг эх газарт ирээд өдөр тутамдаа ордог газруудад энэ далбааг харах бүрдээ би өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөж байгааг мэдэрдэг. Би эх газраас алсхан жижиг арал дээр өссөн. Гэхдээ энд ирээд өөрийн далбааг шүүх дээр, шуудан дээр, эсвэл хүмүүсийн хувцсан дээрээс харахад эх газрын хүмүүс биднийг ямар их хайрлаж, хүндэтгэдгийг мэдэрдэг.
"Энэ нь биднийг Австралийн нэг хэсэг гэдгийг сануулж, бүгдээрээ хамтдаа нэгэн зэрэг урагшилж байгааг харуулдаг.”
Bernard Jnr энэ далбаа өнөөдрийнх шиг өргөн хүрээнд танигдаагүй байсан үеийг сайн санадаг. 1990-ээд оны уралдааны дараа далбаа нь арлууд даяар аажмаар түгэн дэлгэрч байгааг тэр өөрийн нүдээр үзэж, харин одоо санаанд оромгүй олон газар харж байна.
Бид энэ далбааг хаана хардаг вэ?
Өнөөдөр Торресын Хоолойн Арлынхны далбаа Австрали даяар манддаг болсон. Та үүнийг сургууль, их сургууль, парламент, орон нутгийн захиргаа, шүүхийн байрны гадаа ч харж магадгүй. Ихэвчлэн Аборижинал далбаа болон Австралийн үндэсний далбаатай зэрэгцэн манддаг.
Tyrell-д энэ нь хүчтэй санагддаг. Шүүхийн танхим, шуудангийн газар болон хүмүүсийн хувцас дээрээс далбааг олж харах нь түүнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэг хэсэг гэдгээ ойлгосон мэдрэмж төрүүлдэг.

Bernard Jnr ч мөн энэ далбааг гэрээсээ хол газруудад олонтаа харж байжээ. Тэрээр өөрийн Carrying the Flag баримтат киногоороо олон улсын кино наадамд оролцох үеэрээ Лондон, Парис, Нью-Йорк дахь Австралийн Элчин сайдын яаманд энэ далбааг мандсан байхыг харсан байна.
Тэр болгондоо Thursday арал дээрх өнгөрсөн бага нас руугаа эргэн очсон мэт санагддаг.
“Би хаана ч явсан энэ далбааг харах бүрдээ арал дээр өнгөрүүлсэн хүүхэд насаа санадаг. Аавынхаа мөрөн дээгүүр өнгийж, анхны нооргуудаа зурж байгааг хардаг байсан үе минь нүдэнд харагддаг.”
Ирээдүй хойч үеийнхэнд энэ далбаа юуг бэлгэддэг вэ?
Bernard Jnr хүүхдүүдийг Торресын Хоолойн Арлын далбааны түүхийг мэддэг болж өсөөсэй гэж хүсдэг. Тэрээр Thomas Mayo-той хамтран Our Flag, Our Story буюу Бидний далбаа, бидний түүх нэртэй хүүхдийн номыг бичсэн бөгөөд уг номын зургийг Tori-Jay Mordey зуржээ
Bernard Jnr Our Flag, Our Story номны ач холбогдлын талаар ярив: "Ялангуяа Үндэсний Эвлэрэлийн долоо хоног болон NAIDOC-ын үеэр би олон сургуульд очиж номоо уншиж өгсөн. Багш нар болон сургуулийн ажилтнуудын хэлж байгаагаар хүүхдүүд энэ номыг унших үнэхээр дуртай байдаг."
"Бид өөрсдийгөө төлөөлөх, өөрсдөө бүтээсэн далбаатай байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Энэ далбаа бидэнд аяллаа үргэлжлүүлж, урагш тэмүүлэх урам өгдөг. Мөн өөрсдийн соёлын үнэт өв, онцлог байдлаараа бахархах боломжийг олгодог," хэмээн Tyrell хэлсэн юм.
Та Торресын Хоолойн Арлын далбааг харах бүрдээ газар нутаг, тэнгис далай, ард түмнийг болон өнөөдөр Торресын Хоолойн Арлууд, Австрали бас дэлхий даяар үргэлжилсээр буй соёлын амьд бэлгэдлийг харж байна гэсэн үг.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






