Гол агуулга:
- Австралид нарнаас хамгаалах бусад аргыг хэрэглэхийн зэрэгцээ нарны тосыг зайлшгүй түрхэх шаардлагатай.
- Нарны тос хэт ягаан (UV) туяаны хортой нөлөөллөөс хамгаалдаг нь батлагдсан.
- Нарны тос хэрэглэж эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Харин зөв түрхэх нь хамгийн чухал.
- Мэргэжилтнүүд SPF 30+ эсвэл SPF 50+ хамгаалалттай, өргөн хүрээний (broad-spectrum), усанд тэсвэртэй, TGA-аас зөвшөөрөгдсөн нарны тос хэрэглэхийг зөвлөж байна.

Арьсны хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
Бид нарнаас өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой.
Та юуны өмнө наранд хэр удаан байх, хэт ягаан туяаны түвшин өндөр байхад гадаа гарч болох зэргээ ухаалгаар зохицуулах нь чухал.
Мөн “Slip, Slop, Slap” гэх уриаг үргэлж санаж яваарай. Энэ бол нотолгоонд суурилсан таван алхам бүхий нарнаас хамгаалах аргачлал юм:
- Slip: Нарнаас хамгаалах хувцас өмсөх
- Slop: SPF 30 ба түүнээс дээш хамгаалалттай, өргөн хүрээний /broad-spectrum/, усанд тэсвэртэй /water-resistant/ нарны тос түрхэх
- Slap: Өргөн хүрээтэй малгай өмсөх
- Seek shade: Сүүдэрт байх
- Slide: Нарны шил зүүх
Credit: healthdirect.gov.au
Нарны тос арьсны хорт хавдраас хамгаалж чадах уу?
Нарны тос нь нарнаас хамгаалах иж бүрэн аргын зөвхөн нэг хэсэг юм.
Австралийн эрдэмтэд нарны тос арьсны хорт хавдраас сэргийлэхэд үр дүнтэй болохыг олон жилийн өмнөөс баталсан.
Доктор Мартин “Nambour Trial” хэмээх туршилтыг онцолж дурдсан. Энэхүү судалгаа нь нарны тосыг өдөр бүр хэрэглэх нь арьсны хорт хавдрын тохиолдлыг бууруулдгийг баталсан юм.
“10 жилийн хяналтын дараа өдөр бүр нарны тос хэрэглэсэн бүлгийн меланомын түвшин хоёр дахин бага байсан."
“Энэ нь нарны тос үнэхээр үр дүнтэй, меланомоос сэргийлж чаддагийг харуулж байна. Мөн та 50 насандаа ч өдөр тутам хэрэглэж эхэлсэн бай, хэзээ ч оройтдоггүй” гэж Доктор Мартин хэллээ.

Нарны тосыг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Нарны тосны үр дүнг бүрэн хүртэхийн тулд зөв хэрэглэх шаардлагатай гэж физик химич, UNSW-ийн Scientia дэд профессор Анна Ван тайлбарлаж байна.
Усанд тэсвэртэй нарны тос хэрэглэсэн ч хоёр цаг тутамд дахин түрхэх хэрэгтэй. Мөн усанд сэлэх, хөлрөх эсвэл алчуураар арчих бүртээ дахин түрхэнэ.
Наранд ил гарсан биеийн хэсэг бүрт ойролцоогоор 5 миллилитр (нэг цайны халбага орчим) хэмжээтэй нарны тос түрхэхийг зорих хэрэгтэй.
Нарны тос сонгохдоо юуг анхаарах вэ?
Наранд гарах үед бид хэт ягаан туяаны хоёр төрөл болох UVA болон UVB туяанд өртдөг.
Эдгээр нь хоёулаа арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй тул та өргөн хүрээний (broad-spectrum) хамгаалалттай нарны тос сонгоорой хэмээн доктор Ван зөвлөж байна.
“Нарны тосыг broad-spectrum гэж тэмдэглэсэн бол UVA болон UVB туяанаас хоёулангаас нь хамгаална гэсэн үг."
“UVB нь наранд түлэгдэх шалтгаан болдог бол UVA нь ДНХ-г гэмтээж, улмаар хорт хавдарт хүргэж болзошгүй.”
Таны сонгож буй нарны тос TGA-ийн зөвшөөрлийн тэмдэгтэй байх ёстой.
“Та супермаркет эсвэл эмийн сангаас нарны тос авахад савлагааны доод хэсэгт ‘AUST-L’ гэсэн бичиг болон урт дугаар байх ёстой,” гэж Аделаидын их сургуулийн молекул фармакологич, хорт судлаач Ian Musgrave тайлбарлав.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






