Австралид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ дэлхий дээр өнөөг хүртэл тасралтгүй оршин тогтнож буй хамгийн эртний соёлтой танилцаж, холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх нь хүүхдэдээ өгч болох хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм. Гэхдээ та Австралид шинээр ирсэн бол хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байж болох юм. Та болон таны хүүхэд Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэд, тэдний соёл, түүхийн талаар суралцаж эхлэхэд туслах зарим арга зам, санааг энд хүргэж байна.
ГОЛ АГУУЛГА
- Австралийн Анхны үндэстнүүдийн талаар танин мэдэх нь хүүхэд болон эцэг эхийн хамтдаа суралцах үйл явц юм
- Австралийн уугуул иргэд, тэдний соёлын талаар хүүхдэдээ таниулж, сонирхлыг нь дэмжих нас насны онцлогт тохирсон олон төрлийн цахим эх сурвалж бий
- Арга хэмжээнд оролцох, аялахдаа тухайн газар нутаг, соёлд хүндэтгэлтэй хандах, өөрсдөө судалгаа хийх нь өөрийн амьдарч буй орон нутаг болон бусад газрын Анхны үндэстнүүдийн хүмүүстэй танилцаж, холбоо тогтоох арга замуудын нэг юм
- Алдаа гаргах нь суралцах үйл явцын нэг хэсэг. Тиймээс сониуч бас нээлттэй байж, Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн ёс заншил, харилцааны хэм хэмжээг зөв ойлгохын тулд тусламж, зөвлөгөө авахаас бүү санаа зовоорой
- Би хүүхдээ уугуул иргэдийн соёл, түүхтэй хэрхэн танилцуулах вэ?
- Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн соёлыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэрхэн олж мэдэх вэ?
- Австралийн уугуул иргэдийн талаарх хүүхдүүдэд зориулсан боловсролын контентыг цахимаар үзэх боломжтой юу?
- Гэр бүлээрээ аялахдаа Анхны үндэстнүүдийн соёлтой хэрхэн танилцаж болох вэ?
- Би буруу зүйл хэлэх эсвэл хийх вий гэж санаа зовж байвал яах вэ?
Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн өв соёл, өнөөгийн амьдрал, туршлагыг ойлгож, хүндэтгэн үнэлэх нь reconciliation буюу эвлэрлийн үйл явцын чухал хэсэг юм. Энэ нь Австралийн Анхны үндэстнүүд болон уугуул бус иргэдийн хоорондын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл явц билээ.
Тиймээс Австралид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ дэлхий дээр өнөөг хүртэл тасралтгүй оршин тогтнож буй хамгийн эртний соёлтой танилцаж, холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх нь хүүхдэдээ өгч болох хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм.
Би хүүхдээ уугуул иргэдийн соёл, түүхтэй хэрхэн танилцуулах вэ?
Эсма Ливермор бол Бигамбул үндэстний эмэгтэй бөгөөд Австралийн эвлэрлийн асуудлыг тэргүүлэн ажилладаг Reconciliation Australia байгууллагад ажилладаг.
Тэрээр гэр бүлээрээ хамтдаа суралцаж, танин мэдэх боломжуудыг эрэлхийлэхийг зөвлөж байна.
Боловсролын ач холбогдолтойн зэрэгцээ хөгжилтэй, хялбархан үзэж болох зүйлээс, тухайлбал телевизийн нэвтрүүлгээс ч эхэлж болно.
Хатагтай Ливермор “NITV нь Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн түүх, соёл, өнгөрсөн үе болон өнөөгийн амьдрал, туршлагыг өгүүлсэн олон төрлийн нэвтрүүлэгтэй” хэмээлээ.
Хэрэв та стриймингээр үзэхийг илүүд үздэг бол SBS On Demand-аас Анхны үндэстнүүдийн тухай олон төрлийн контентыг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Үүнд хүүхдэд зориулсан анимэйшн цуврал, баримтат болон уран сайхны кинонууд ч багтана.
Тэрээр “Бага насны хүүхдүүдэд тохиромжтой, Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн соёл болон тэдний олон талт байдлыг таниулан харуулсан, нас насны онцлогт нь тохирсон контентуудыг сонгож болно.
Энэ нь ‘Энэ улсын Анхны ард түмэн гэж хэн бэ?’ гэдгийг таньж мэдэхэд чиглэсэн хамгийн эхний, хялбар алхам юм” гэлээ.

Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн соёлыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэрхэн олж мэдэх вэ?
Дэлгэцээр үзэж танилцахаас гадна та өөрийн амьдардаг орон нутагт Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн байгууллагуудаас зохион байгуулдаг гэр бүл, хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ, үйл ажиллагаануудыг хайж, оролцож болно. Орон нутгийн зөвлөлийнхөө арга хэмжээний мэдээллийг шалгах, мөн өөрт хамгийн ойр байрлах Local Aboriginal Land Council-тай холбогдож, танай орон нутагт ямар арга хэмжээ зохион байгуулагдаж байгааг мэдэх боломжтой.
Хатагтай Ливерморын хэлснээр, жил бүр онцгойлон анхаарч болох хоёр гол үйл явдал бий. Эдгээр нь долдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг NAIDOC Week болон тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 3-ны хооронд тэмдэглэдэг National Reconciliation Week буюу Үндэсний эвлэрлийн долоо хоног юм.
Хатагтай Ливермор “Миний ажигласнаар Австралид шинээр ирсэн олон хүн ийм арга хэмжээнүүдээр дамжуулан Анхны үндэстнүүдийн ард түмний үзэл бодол, урлаг, газар нутаг, хүмүүс болон соёлын талаар таньж мэддэг” хэмээн хуваалцав.
Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдах арга хэмжээнүүд нь Welcome to Country ёслолд оролцох, мөн энэ нь Acknowledgement of Country-оос юугаараа ялгаатай болохыг ойлгож мэдэх боломжийг ч олгож болно.

Австралийн уугуул иргэдийн талаарх хүүхдүүдэд зориулсан боловсролын контентыг цахимаар үзэх боломжтой юу?
Анхны үндэстнүүдийн түүх, соёл, үзэл хандлагын талаар хүүхдэдээ таниулахад туслах боловсролын эх сурвалжуудыг цахимаар хялбархан ашиглах боломжтой.
SBS Learn нь Австралийн сургалтын хөтөлбөрт нийцүүлэн бэлтгэсэн, Foundation буюу сургуулийн бэлтгэл ангиас 12 дугаар анги хүртэлх хүүхдүүдэд зориулсан олон төрлийн контенттой бөгөөд гэр бүлээрээ гэртээ хамтдаа судалж, танилцах боломжтой.
Хатагтай Ливермор Reconciliation Australia байгууллагын Narragunnawali: Reconciliation in Education хөтөлбөрийн менежерээр ажилладаг.
Тус хөтөлбөр нь багш, сурагч, эцэг эх зэрэг олон нийтийн өөр өөр бүлгийн хүмүүст эвлэрлийн үйл явцад утга учиртайгаар оролцоход нь дэмжлэг үзүүлэх цахим арга хэрэгсэл, гарын авлагуудыг санал болгодог.
Тухайлбал, энэ улсын Анхны ард түмнийг төлөөлдөг хоёр далбааны талаар суралцахаас эхлээд, тухайн орон нутгийн Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдтэй хэрхэн харилцаа холбоо тогтоох талаарх зөвлөмж хүртэл багтдаг.
Хатагтай Ливермор “Энэ нь харилцаа холбоог хэрхэн бий болгох талаар хэрэгжүүлж болох үйл ажиллагаа, санаануудыг санал болгодог. Ингэснээр зөвхөн сургуулийн хүрээнд хязгаарлагдахгүй, сургуулийн хаалганаас гарч, орон нутгийн хүмүүстэй бодитоор харилцах боломжтой” гэж тайлбарлалаа.
Гэр бүлээрээ аялахдаа Анхны үндэстнүүдийн соёлтой хэрхэн танилцаж болох вэ?
Хүүхэдтэйгээ хамт аялах нь Австралийн уугуул иргэдийн талаар хамтдаа илүү ихийг таньж мэдэх бас нэгэн боломж юм.
Australian Institute of Aboriginal and Torres Strait Islander Studies (AIATSIS)-ийн Map of Indigenous Australia буюу Австралийн уугуул иргэдийн газрын зургийг ашигласнаар таны очих гэж буй газар нутагтай холбоотой Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн хэлний бүлэг, нийгмийн бүлэг эсвэл үндэстний бүлгийг тодорхойлох боломжтой.
Үүний дараа тухайн нутагт очиж үзэхэд ач холбогдолтой газруудын талаар судалж, тэнд амьдардаг Уламжлалт эздийн соёлын талаар танин мэдэж эхэлж болно.
Хатагтай Ливермор “Би хаа нэг газар аялах гэж байгаа бол Google-ээр бага зэрэг хайж, тухайн нутагт ямар онцгой ач холбогдолтой газрууд байдгийг судалдаг... Мөн тэнд Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн соёлтой холбоотой ямар үйл ажиллагаанд оролцож болохыг хайж үздэг” гэсэн юм.

Би буруу зүйл хэлэх эсвэл хийх вий гэж санаа зовж байвал яах вэ?
Анхны үндэстнүүдийн соёл, хүмүүстэй танилцаж, харилцаж буй уугуул бус хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг буруу хэлэх, хийх вий гэсэн болгоомжлол түгээмэл бөгөөд ойлгомжтой зүйл гэж хатагтай Ливермор тодотгосон юм.
“Юу ч хийхгүй байснаас оролдож үзсэн нь дээр.”
Алдаа гаргах нь суралцах үйл явцын нэг хэсэг юм. Тухайлбал, ямар нэг арга хэмжээнд оролцох үеэр Анхны үндэстний хүн таны харилцаа, үйлдэлд гаргасан алдааг хэлж өгвөл тухайн хүнд хүндэтгэлтэйгээр хандаж, юуг буруу хийснээ ойлгоход туслахыг хүсэж болно.
Хатагтай Ливермор ярианыхөө төгсгөлд “Тэр яриаг үргэлжлүүлж, хамтдаа ойлголцохыг хичээгээрэй. ‘Би юуг нь буруу ойлгосон бэ? Та надад үүнийг зөв ойлгоход хэрхэн тусалж болох вэ?’ гэж асуугаарай... Энэ бол суралцах, өмнөх буруу ойлголтоо залруулах, дахин шинээр суралцах, мөн ийм яриа хэлэлцээг эхлүүлэх тухай юм” хэмээв.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





