Цагдаагийн алба хаагчид хуулиар олгогдсон тодорхой эрх мэдлийн хүрээнд иргэдээс асуулт асуух, тухайн газрыг орхих шаардлага өгөх, мөн нэгжлэг хийх зэрэг арга хэмжээ авч болно. Цагдаатай харилцах үед таны эдлэх үндсэн эрх, хүлээх үүргийн талаарх шаардлагатай гол мэдээллийг хүргэж байна.
Гол Агуулга
- Австралийн муж, нутаг дэвсгэр бүрт цагдаагийн эрх мэдлийн хүрээ харилцан адилгүй байж болно.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах үлээлгэх сорилд хамрагдахаас татгалзах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно.
- Зарим тохиолдолд та хуульд заасны дагуу иргэний үнэмлэхийн мэдээллээ өгөх үүрэгтэй боловч түүнээс цааш асуусан асуултад хариулахгүй байх эрхтэй.
- Хэрэв цагдаатай харилцах явцад эрх тань зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн зөвлөгөө аваарай.
- Цагдаа ямар тохиолдолд миний эсрэг хүч хэрэглэх эрхтэй вэ?
- Цагдаад шалгагдах үед миний үндсэн эрх, үүрэг юу вэ?
- Тухайн газрыг орхих шаардлага гэж юу вэ?
- Цагдаа ямар үед миний үнэмлэхийг шаардах эрхтэй вэ?
- Надад цагдаагийн үйл ажиллагааг бичлэг хийж авах эрх бий юу?
- Хэрэв цагдаагийн үйл ажиллагааг асуудалтай гэж үзэж байвал яах ёстой вэ?
Хэрвээ Австралид цагдаа зогсоовол та өөрийн үндсэн эрхээ мэдэх үү?
Redfern Legal Centre-ийн ахлах өмгөөлөгч Саманта Ли-гийн хэлснээр Австралид төрж өссөн хүмүүс ч, шинээр ирсэн хүмүүс ч цагдаагийн эрх мэдлийн хязгаарын талаар хангалттай мэддэггүй байна.
Цагдаа ямар тохиолдолд миний эсрэг хүч хэрэглэх эрхтэй вэ?
Цагдаагийн эрх мэдэлтэй холбоотой хамгийн түгээмэл буруу ойлголтын нэг нь хүч хэрэглэх эрх юм.
"Хүмүүс нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Цагдаа гэдэг нь дур мэдэн хүч хэрэглэх эрхтэй гэсэн үг биш."
Цагдаа тодорхой нөхцөлд хүч хэрэглэж болох ч тухайн нөхцөл байдалд үндэслэлтэйгээр зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэх эрхтэй.Саманта Ли
Хамгийн сүүлчийн арга хэмжээ болгож л цагдаа хүч хэрэглэж болох бөгөөд тухайн нөхцөлд шаардлагатай хэмжээнээс хэтрэхгүй, буюу ‘тааруулж’ хүч хэрэглэх ёстой.
Австрали даяар цагдаа ямар тохиолдолд хууль ёсоор хүч хэрэглэж болох талаар ижил төстэй эрх зүйн зарчим үйлчилдэг.
Гэхдээ Австралийн муж, нутаг дэвсгэр бүр цагдаагийн эрх мэдлийг зохицуулсан өөрийн гэсэн хуультай.
"Тиймээс та өөрийн амьдарч буй муж, нутаг дэвсгэрийн холбогдох хуулийг шалгах хэрэгтэй."

Цагдаад шалгагдах үед миний үндсэн эрх, үүрэг юу вэ?
Тодорхой нөхцөлд та хуульд заасны дагуу өөрийнхөө хувийн мэдээллээ өгөх үүрэгтэй байдаг ч Австралид иргэний үнэмлэхийг биедээ байнга авч явах нийтлэг шаардлага байдаггүй.
Харин Австралийн ихэнх муж, нутаг дэвсгэрт автомашин жолоодож явахдаа хүчинтэй жолооны үнэмлэхээ биедээ авч явах шаардлагатай. Зарим муж, нутаг дэвсгэрт цагдаа шаардсан үед жолооны үнэмлэхээ үзүүлэх боломжгүй бол хоёр хоногийн дотор цагдаагийн газарт авч очиж үзүүлэхийг зөвшөөрдөг.
Хэрэв цагдаа таны овог нэр, хаягийг асуувал таныг ямар шалтгаанаар зогсоосон болон яагаад хувийн мэдээллийг тань шаардаж байгаагаа тайлбарлах үүрэгтэй.
Саманта Лигийн зөвлөснөөр цагдаатай харилцах үед алба хаагчаас энгэрийн камераа (body-worn camera) асаахыг хүсэх нь зүйтэй.
"Камер асмагц хамгийн түрүүнд ямар шалтгаанаар зогсоосон бэ?" гэж асуугаарай."
Brisbane хотын Caxton Legal Centre-ийн хууль зүйн практикийн захирал Клэйр Коулз-ын тайлбарласнаар зарим онцгой тохиолдлыг эс тооцвол, үнэмлэхийн мэдээллээ өгснөөс бусад асуултад заавал хариулах хууль ёсны үүрэг танд ерөнхийдөө байдаггүй.
"Хүмүүс цагдаатай харилцахдаа аль болох хамтран ажиллах хэрэгтэй… Эелдэг байж, хууль ёсны шаардлагыг биелүүлээрэй. Гэхдээ цагдааг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнээс илүү мэдээлэл өгөх албагүй."
"Хүн бүр дуугүй байх, мөн өөрийгөө гэмт хэрэгт холбогдуулж болзошгүй ямар нэгэн зүйл хэлэхгүй байх эрхтэй." хэмээн онцолжээ.

Тухайн газрыг орхих шаардлага гэж юу вэ?
Цагдаа газар дээр нь хууль ёсны шаардлага гаргаж, таныг олон нийтийн газрыг орхиж, тодорхой хугацаанд буюу ихэвчлэн 24 цаг хүртэл тухайн газарт эргэж ирэхгүй байхыг шаардаж болно.
Муж, нутаг дэвсгэр бүрийн хуульд цагдаа ямар нөхцөлд ийм эрхээ хэрэгжүүлж болохыг тодорхой заасан байдаг.
Үүнд замын хөдөлгөөнд саад учруулж байна гэж үндэслэлтэйгээр үзсэн бол, бусдад дарамт учруулж байна гэж үзсэн бол эсвэл бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзсэн бол зэрэг нөхцөлүүд багтана.
Цагдаа яагаад ийм шаардлага тавьж байгааг асуух нь таны эрх юм.
"Хэрэв таныг тухайн газрыг орхихыг шаардсан бол яагаад, хэр хугацаанд, хаашаа явах ёстойгоо болон цагдаа танаас яг юу шаардаж байгааг ойлгох нь маш чухал," гэж Клэйр Коулз хэлжээ.
Цагдаа ямар тохиолдолд миний үнэмлэхийг шаардах эрхтэй вэ?
Цагдаа зөвхөн муж, нутаг дэвсгэрийн хуульд заасан тодорхой нөхцөлд, хууль ёсны үндэслэлтэйгээр таны үнэмлэхийг шаардах эрхтэй.
Inner Melbourne Community Legal байгууллагын хууль зүйн практикийн захирал Марлен Диксон хамгийн түгээмэл тохиолдлуудыг дараах байдлаар тайлбарлажээ.
Цагдаа дараах тохиолдолд таны үнэмлэхийг шаардаж болно. Үүнд:
- Таныг гэмт хэрэг үйлдсэн, эсвэл үйлдэх гэж байна гэж үндэслэлтэйгээр үзвэл
- Та автомашин, завь эсвэл бусад тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол
- Та нийтийн тээврээр зорчиж байгаа бол
- Та согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилдэг газарт байгаа бол
- Цагдаа таныг ноцтой гэмт хэргийг мөрдөн шалгахад тус болох мэдээлэлтэй гэж үзвэл

Австрали даяар цагдаа дохионы гэрэл, дуут дохиогоо асаасан, эсвэл зам дээр гэнэтийн шалгах үлээлгэх сорил хийж байгаа үед жолооч хуулийн дагуу автомашинаа зогсоох үүрэгтэй.
"Жолоочийг зогсоож, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах үлээлгэх сорил өгөхийг шаардах асуудал дээр цагдаа нар өргөн хүрээний эрх мэдэлтэй.
Та үлээлгэх сорилд заавал хамрагдах ёстой. Хэрэв татгалзвал хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаж болно.Марлен Диксон
Надад цагдаагийн үйл ажиллагааг бичлэг хийж авах эрх бий юу?
Австрали даяар олон нийтийн газар болсон цагдаатай холбоотой үйл явдлыг дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөг. Гэхдээ бичлэг хийж буй хүн цагдаагийн алба хаагчдын үүргээ гүйцэтгэхэд саад учруулах ёсгүй.
"Хүмүүс цагдаагийн үйл ажиллагааг бичлэг хийж болно. Харин тодорхой зайнаас, хүндэтгэлтэйгээр, цагдаагийн ажилд саад учруулахгүйгээр хийх хэрэгтэй." гэж Марлен Диксон хэлжээ.
"Хэрэв төхөөрөмжийг авах шаардлагатай гэж үзвэл тэд үүнийг хуульд заасан албан ёсны журмын дагуу шийдвэрлэх ёстой."

Хэрэв цагдаагийн үйл ажиллагааг асуудалтай гэж үзвэл яах ёстой вэ?
Цагдаа нар хууль тогтоомж болон тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй.
"Хэрэв та цагдаа хууль бус үйлдэл хийсэн, бүдүүлэг харьцсан, эсвэл арьс өнгө, үндэс угсаатай холбоотой доромжилсон үг хэлсэн гэж үзэж байвал болсон явдлыг тэр даруй, эсвэл гэртээ очоод аль болох дэлгэрэнгүй тэмдэглэж аваарай." хэмээн Redfern Legal Centre-ийн ахлах өмгөөлөгч Саманта Ли хэлсэн юм.
Мөн дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
- Цагдаатай харилцсан үеийн дүрс бичлэг хийсэн бол түүнийгээ хадгалах.
- Хэрэв бэртэж гэмтсэн бол эмчид үзүүлж, эмнэлгийн дүгнэлт гаргуулан, гэмтлийн зураг авч баримтжуулах.
- Хууль зүйн зөвлөгөө авах.
*Энэхүү мэдээлэл нь ерөнхий мэдээлэл бөгөөд бүх нөхцөл байдал, Австралийн муж, нутаг дэвсгэр бүрийн хууль тогтоомжийг бүрэн хамрахгүй. Таны нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө авахын тулд хуульч эсвэл хууль зүйн зөвлөгөөний байгууллагад хандахыг зөвлөж байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






