Австралид ойролцоогоор таван эрэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед түрүү булчирхайн хорт хавдраар оношлогддог. Түрүү булчирхайн талаар ойлголттой байх, эрсдэлийг таамаглах, мөн ямар шинжилгээ өгөх боломжтойг мэдсэнээр хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэхэд тусална. Австралийн тухай нэвтрүүлгийн энэ дугаараас түрүү булчирхайн хорт хавдар, PSA шинжилгээ, эмчилгээ болон тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл аваарай.
ГОЛ АГУУЛГА
- Арьсны хорт хавдрыг эс тооцвол түрүү булчирхайн хорт хавдар нь Австралид хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар юм.
- Түрүү булчирхайн хорт хавдарт тодорхой шинж тэмдэггүй. Харин түрүү булчирхайн хоргүй томрол нь шээхэд хүндрэл учруулж болно.
- Түрүү булчирхайн өвөрмөц Antigen (PSA)-ийн цусны шинжилгээ нь түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэхэд ашигладаг гол шинжилгээ бөгөөд 50 наснаас эхлэн эрэгтэйчүүдэд зөвлөдөг.
- Түрүү булчирхай гэж юу вэ, яагаад асуудал үүсгэх боломжтой вэ?
- Түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс юу вэ, ямар шинжилгээ өгөх боломжтой вэ?
- Түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх ямар аргууд байдаг вэ?
- Түрүү булчирхайн хорт хавдартай бол юу болдог вэ?
- Түрүү булчирхайн хорт хавдартай эрэгтэйчүүд ямар тусламж, дэмжлэг авах боломжтой вэ?

Түрүү булчирхай гэж юу вэ, яагаад асуудал үүсгэх боломжтой вэ?
Эрэгтэй хүний түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй бөгөөд аарцаг орчимд байрладаг.
Мельбурн хотын Peter MacCallum Cancer Centre-ийн урологийн эмч, шээс, бэлгийн замын эрхтний хавдар судлалын албаны захирал, профессор Деклан Мөрфи ийн тайлбарлав.
“Түрүү булчирхай нь давсагны яг доор байрлаж, эрэгтэй хүний шээс гадагшилдаг сувгийг тойрон хүрээлдэг. Мөн эр бэлгийн эстэй холилдон үрийн шингэнийг бүрдүүлдэг шингэнийг ялгаруулдаг бөгөөд энэ шингэн нь эр бэлгийн эсийг хамгаалж, тэжээлээр хангахад тусалдаг. Тиймээс түрүү булчирхайн гол үүрэг нь үрийн шингэн гадагшлуулах үйл явцтай холбоотой.”
Эрэгтэйчүүд нас ахихын хэрээр түрүү булчирхай томрох нь түгээмэл. Энэхүү хоргүй томрол нь шээсийг биеэс гадагшлуулдаг суваг болох шээсний сүвийг дарж, шээх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж болно.
Үүний улмаас эрэгтэйчүүд шөнийн турш хэд хэдэн удаа сэрж, давсгаа суллах шаардлагатай болдог гэж Australian Prostate Centre-ийн урологийн мэргэшсэн сувилагч Хелен Кроу тайлбарлав.
“Энэ бол түрүү булчирхайн хоргүй томрол. Өөрөөр хэлбэл, хорт хавдар биш, нас ахих явцад гардаг өөрчлөлт юм. Гэхдээ энэ томрол нь давсгаа бүрэн суллахад саад учруулж болно. Ингэж асуудал үүсгэж эхлэх үед л эрэгтэйчүүд түрүү булчирхайгаа анзаарч эхэлдэг” гэж хатагтай Кроу хэлсэн юм.
Мөн түрүү булчирхай үрэвсэж эсвэл халдвар авч болно. Үүнийг простатит буюу түрүү булчирхайн үрэвсэл гэж нэрлэдэг бөгөөд энэ үед бэлэг эрхтэн болон хошногоны хоорондох хэсэг орчимд зовиурлаж, тавгүйрхэж болно.
“Энэ нь нэлээд их зовиуртай байж болно. Эрэгтэйчүүд ‘тавгүйрхээд унтаж чадахгүй байна’, эсвэл ‘суухад, дасгал хөдөлгөөн хийхэд маш эвгүй байна’ гэж хэлэн өрхийн эмчдээ хандахад хүрдэг” гэж хатагтай Кроу хэлэв.
Мөн түрүү булчирхайд хорт хавдар үүсэж болно. Энэ нь ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй ч Австралийн эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг юм.
“Зарим эрэгтэйд энэ нь ноцтой асуудал биш бөгөөд тогтмол хяналтад байлгах боломжтой. Харин зарим хүний хувьд түрүү булчирхайн хорт хавдар маш ноцтой болж, хүнд шинж тэмдэг үүсгэх, цаашлаад амь насанд хүрэх эрсдэлтэй” гэж профессор Мөрфи тайлбарлав.

Түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс юу вэ, ямар шинжилгээ өгөх боломжтой вэ?
Түрүү булчирхайн хорт хавдар нь Австралид хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдрын нэг юм. Нас ахих, гэр бүлийн өвчний түүх болон удамшлын зарим генийн өөрчлөлт нь энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
“Дэлхий даяар түрүү булчирхайн хорт хавдар томоохон асуудал болоод байна. Саяхны нэгэн судалгаагаар 2020-2040 оны хооронд дэлхий дахинд түрүү булчирхайн хорт хавдрын шинэ тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэх тооцоо гарсан” хэмээн профессор Мөрфи тайлбарлав.
Арьсны хорт хавдрыг эс тооцвол энэ нь Австралийн эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдар юм. Австралид эрэгтэй хүн 80 нас хүрэхэд түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдох магадлал ойролцоогоор таван хүн тутмын нэг байна.Профессор Деклан Мөрфи
Хатагтай Кроугийн хэлснээр түрүү булчирхайн хорт хавдар юунаас үүсдэгийг бүрэн тогтоогоогүй байна.
Түрүү булчирхайн өвөрмөц антиген буюу PSA-ийн цусны шинжилгээ нь шинж тэмдэг илрэхээс өмнө түрүү булчирхайн хорт хавдрын шинжийг илрүүлэхэд тусалдаг.
Австралид одоогоор нийт хүн амыг хамарсан түрүү булчирхайн хорт хавдрын үндэсний хөтөлбөр байдаггүй. Тиймээс эрэгтэйчүүд PSA шинжилгээний ашиг тус болон эрсдэлийн талаар өрхийн эмчтэйгээ ярилцаж, хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр шинжилгээ өгөх эсэхээ шийдэхийг зөвлөдөг.
Эрэгтэйчүүд ойролцоогоор 50 наснаас эхлэн PSA шинжилгээг тогтмол өгөх нь өөрт нь тохиромжтой эсэх талаар өрхийн эмчтэйгээ зөвлөлдөж болно. Харин түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй эрэгтэйчүүдэд энэ талаар эмчтэйгээ илүү эрт ярилцахыг зөвлөж болно.
“Хэрэв та түрүү булчирхайн хорт хавдрын талаар санаа зовниж байгаа бол шинж тэмдэг илрэхийг хүлээх хэрэггүй” гэж профессор Мөрфи онцоллоо.
“Түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдох эрсдэл өндөртэй тодорхой бүлгийн хүмүүс бий. Тухайлбал, гэр бүлийн гишүүд нь энэ хавдраар өвчилж байсан хүмүүс, генийн мутацитай хүмүүс илүү өндөр эрсдэлтэй. Ийм тохиолдолд 45 орчим наснаас эхлэн шинжилгээ хийлгэх талаар эмчтэйгээ ярилцахыг бид зөвлөдөг.”

Түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх ямар аргууд байдаг вэ?
Түрүү булчирхайн хорт хавдрыг хэрхэн эмчилж, хянах нь оношлогдох үеийн хавдрын үе шат болон хэр хүндэрсэн явцтай байгаагаас шалтгаална.
“Түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдлоо гэдэг нь заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг биш гэдгийг өвчтөнүүд ойлгох хэрэгтэй” гэж профессор Мөрфи тайлбарлав.
“Өнөө үед Австрали зэрэг оронд оношлогдох үедээ өвчтөнүүдийн 90 гаруй хувьд хорт хавдар зөвхөн түрүү булчирхайн хүрээнд хязгаарлагдсан байдаг. Тиймээс ийм хавдрыг ажиглалт, тогтмол хяналтаар хянах нь тохиромжтой арга гэж зөвлөх нь түгээмэл болсон.”
Идэвхтэй ажиглалтын үед өвчтөн тогтмол шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдан хавдрын өөрчлөлтийг хянуулна. Хэрэв хавдар даамжирч байгааг илтгэх шинж илэрвэл эмчилгээ хийхийг зөвлөж болно.
Түрүү булчирхайн хорт хавдар илүү хүндэрсэн өвчтөнүүдэд мэс засал, туяа эмчилгээ, химийн эмчилгээ болон дааврын эмчилгээ зэрэг эмчилгээний хувилбаруудыг авч үзэж болно.
“Одоо бид энэ хорт хавдрыг хянах олон төрлийн арга хэрэгслийг ашигладаг болсон. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд өвчтөнүүдэд санал болгох эмчилгээний боломжууд эрс сайжирсан гэж хэлж болно. Хорт хавдар биеийн бусад хэсэгт аль хэдийн тархсан байсан ч эмчилгээний олон сонголт бий болсон” гэж профессор Мөрфи тодрууллаа.
Эмчилгээний үр дүн нь хорт хавдрын төрөл, үе шат зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Гэхдээ түрүү булчирхайн хорт хавдрыг эрт үед нь оношилсон тохиолдолд амьд үлдэх хувь ерөнхийдөө маш өндөр байдаг.

Түрүү булчирхайн хорт хавдартай бол юу болдог вэ?
Дэнни Мойл-ийг 65 настай байхад PSA-ийн түвшин нь аажмаар нэмэгдэж байсан тул өрхийн эмч нь түүнийг урологийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн аж.
“Бид нэмэлт шинжилгээнүүд хийлгэсэн бөгөөд эмч түрүү булчирхайг бүхэлд нь авах мэс засал хийлгэхийг зөвлөсөн” гэж ноён Мойл ярив.
Түрүү булчирхайгаа авах мэс засал хийлгэх шаардлагатай болсноо сонсох нь ноён Мойлын хувьд хүнд цохилт болжээ.
“Энэ нь надад үнэхээр хүнд туссан. Нөхөн үржихүйн эрхтнийхээ нэг чухал хэсгийг авахуулна, энэ нь миний бэлгийн амьдралд асар их нөлөө үзүүлэх байх гэж бодож байсан” хэмээн тэр тайлбарлав.
Мэс заслын дараа ноён Мойлын PSA-ийн түвшин дахин нэмэгдэж эхэлсэн нь хорт хавдар үлдсэн байж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлжээ.
“Энэ нь хорт хавдар биеийн хаа нэгтээ байсаар байна гэсэн үг. Түрүү булчирхайд биш нь мэдээж, учир нь түүнийг нь авчихсан. Түрүү булчирхайн хорт хавдрын эсийн нэг онцлог нь биеийн хаана ч байсан PSA ялгаруулсаар байдаг. Тиймээс хорт хавдрын эс биеийн аль ч хэсэгт байж болно” гэж ноён Мойл хэлэв.
Дараагийн таван жилийн турш ноён Мойлын эмч нар түүний PSA-ийн түвшнийг үргэлжлүүлэн хянажээ. Эцэст нь туяа эмчилгээний хавдар судлаач нь түүнийг долоон долоо хоногийн туяа эмчилгээ болон зургаан сарын дааврын эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн байна.
“Өнгөрсөн жилийн тэр хэдэн сар миний амьдралын тийм ч амар үе байгаагүй. Үүний дараа би PSA-ийн шинжилгээг тогтмол өгч эхэлсэн. Өнгөрсөн оны сүүлээр өгсөн хамгийн сүүлийн шинжилгээгээр PSA илрээгүй. Тиймээс одоо байдал сайжирч байна” гэж ноён Мойл дурссан юм.
Хатагтай Кроугийн хэлснээр түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдсоны дараа эрэгтэйчүүд цочрол, тодорхойгүй байдал зэрэг олон янзын сэтгэл хөдлөлийг мэдэрч болно.
“Цочролд орох нь маш түгээмэл. Тиймээс яг одоо ингэж мэдэрч байгаа нь бүрэн хэвийн, түгээмэл зүйл гэдгийг бид тайлбарладаг. Харин тодорхой мэдээлэл авч, ямар эмчилгээ хийх нь тодорхой болсны дараа нөхцөл байдлыг даван туулахад илүү хялбар болдог” гэж тэр тайлбарлав.
Түрүү булчирхайн хорт хавдартай эрэгтэйчүүд ямар тусламж, дэмжлэг авах боломжтой вэ?
Түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдсон хүмүүст олон төрлийн тусламж, дэмжлэг авах боломж бий. Үүнд өвчтөнүүдийн асуултад хариулах, мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчилгээ болон цаашдын тогтмол хяналтын явцад чиглүүлж, дэмжлэг үзүүлэх мэргэшсэн сувилагчид багтана.
Ноён Мойлын хувьд гэр бүлийнх нь дэмжлэг маш чухал байжээ.
“Миний хувьд хамгийн том, хамгийн чухал дэмжлэг бол эхнэр минь байсан. Мөн намайг эмчилж байсан эмч, мэргэжилтнүүд бүгд энэ замд надад маш их тусалж, дэмжсэн” гэв.
Үүний дараа тэрээр Queensland мужийн өөрийн амьдардаг Bargara хотод орон нутгийн дэмжих бүлэг байгуулжээ.
“Энэ нь үнэхээр их өөрчлөлт авчирсан. Надтай ижил замыг туулж байгаа бусад эрчүүдтэй ярилцах боломжтой болсон. Бид өөрсдийн хувийн асуудлын талаар ярилцаж, бие биедээ дэмжлэг үзүүлдэг нь үнэхээр гайхалтай. Мөн манай уулзалтуудад оролцсон зочин илтгэгчид ч үнэхээр гайхалтай байсан” гэж ноён Мойл тайлбарлав.
Түрүү булчирхайн хорт хавдрын талаар болон өөрт ойр байрлах дэмжих бүлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Australian Prostate Centre болонProstate Cancer Foundation of Australia-аас авах боломжтой.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





