Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн нөөц газар, далайн дархан цаазат бүс болон Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь байгалийн өөр өөр тогтоц, орчныг хамгаалж, өөр өөр дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь бусад хамгаалалттай бүсээс юугаараа ялгаатай вэ? Мөн тухайн газарт зочлох боломжтой эсэхээ хэрхэн мэдэх вэ?
ГОЛ АГУУЛГА
- Хамгаалалттай газар нутаг гэдэг нь чухал ач холбогдолтой газар нутаг, ус, ургамал, амьтан болон соёлын үнэт зүйлсийг хамгаалан хадгалдаг газар юм.
- Уугуул иргэдийн хамгаалалттай бүсийг газар нутгийн Уламжлалт эзэд буюу Traditional Custodians удирдан хамгаалдаг бөгөөд ихэвчлэн засгийн газар болон байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажилладаг.
- Хамгаалалттай газар нутагт зочлохоосоо өмнө тухайн газрын дүрэм журмыг заавал шалгаарай. Учир нь зарим үйл ажиллагааг хязгаарласан байж болно.
- Уугуул иргэдийн хамгаалалттай бүс буюу IPA гэж юу вэ?
- Уугуул иргэдийн хамгаалалттай бүс бусад хамгаалалттай газар нутгаас юугаараа ялгаатай вэ?
- Уугуул иргэдийн хамгаалалттай бүс хэрхэн ажилладаг вэ?
- Уугуул иргэдийн хамгаалалттай бүс Австралийн байгаль орчин, соёлд яагаад чухал вэ?
- Уугуул иргэдийн хамгаалалттай бүсэд хэрхэн хүндэтгэлтэй зочлох вэ?
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон байгалийн нөөц газрууд голчлон хуурай газрын байгаль орчныг хамгаалдаг бол далайн дархан цаазат бүсүүд далай тэнгисийн амьдрах орчныг хамгаалдаг. Харин Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь хуурай газар болон далайн Country-г хамгаалах боломжтой бөгөөд Уламжлалт эзэмшигчид сайн дурын үндсэн дээр удирдан хамгаалдаг.
Эдгээр бүх хамгаалалттай газар нутаг нь Анхны үндэстний ард түмний хэдэн арван мянган жилийн турш хайрлан хамгаалж ирсэн уламжлалт газар нутаг буюу Country дээр оршдог.
Уугуул иргэдийн хамгаалалттай бүс буюу IPA гэж юу вэ?
Уугуул иргэдийн хамгаалалттай бүс буюу Indigenous Protected Area (IPA) гэдэг нь Уламжлалт эзэмшигчид байгаль хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр удирдан хамгаалахаар тохиролцсон хуурай газар эсвэл далайн Country-г хэлдэг.
Австралийн Засгийн газар болон Анхны үндэстний бүлгүүд хамтран IPA хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр 1997 онд хэрэгжиж эхэлжээ. Энэ нь газар нутгийн Уламжлалт эзэд биологийн олон янз байдал, соёлын үнэт зүйлсийг хамгаалахын зэрэгцээ ёс уламжлалаа үргэлжлүүлж, Country-гийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.
Австралид одоогоор:
- 96 Уугуул иргэдийн хамгаалалттай бүс албан ёсоор бий.
- 113 сая га хуурай газар Уугуул иргэдийн хамгаалалттай бүст хамаардаг.
- 9.3 сая га далайн бүсийн Country Уугуул иргэдийн хамгаалалттай бүст хамаардаг.
Уугуул иргэдийн хамгаалалттай бүсүүд нь нийтдээ Австралийн Үндэсний нөөц газрын тогтолцооны 55 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус тогтолцоо нь Австралийн нийт хуурай газрын ойролцоогоор дөрөвний нэгийг хамгаалалтад хамруулдаг.
Австралийн одон медалийн эзэн, профессор Эмма Ли нь Trawlwulwuy эмэгтэй бөгөөд Federation Их сургуулийн эрдэмтэн, судлаач юм. Түүнийг мөн Aunty Эмма хэмээн хүндэтгэн дууддаг.
Түүний тайлбарласнаар Анхны үндэстний ард түмэн Австралийн газар нутаг, усан орчныг олон мянган жилийн турш арчлан хамгаалж иржээ.
“Бид Country-г арчлан хамгаалах өөрсдийн гэсэн тогтолцоотой байсаар ирсэн. Хэрэгцээнээсээ илүүг байгалиас авахгүй байх, мөн Country-г дараагийн үедээ илүү сайн сайхнаар үлдээх гэсэн энгийн мэт боловч маш чухал зарчмууд бий. Эдгээр нь хэдэн арван мянган жилийн турш, олон зуун үе дамжин манай ард түмний амьдрал, үйл ажиллагааг чиглүүлж ирсэн үндсэн зарчмууд юм.”
Уугуул иргэдийн хамгаалалттай бүс бусад хамгаалалттай газар нутгаас юугаараа ялгаатай вэ?
Уугуул иргэдийн хамгаалалттай бүс буюу IPA нь Уламжлалт эзэд болон Холбооны Засгийн газрын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээ гэдгээрээ онцлог.
Гэхдээ IPA байгуулах санаачилгыг зөвхөн Уламжлалт эзэд гаргах боломжтой.
Харин үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн нөөц газар, далайн дархан цаазат бүс зэрэг бусад хамгаалалттай газар нутгийн менежментийг муж болон нутаг дэвсгэрийн засгийн газрууд голчлон хариуцдаг.
Фермер, мал аж ахуй эрхлэгч зэрэг хувийн газар эзэмшигчид газраа өөрсдийн өмчлөлд хэвээр үлдээхийн зэрэгцээ байгаль хамгаалах сайн дурын гэрээ байгуулж болно. Ийм гэрээгээр хамгаалалтад авсан шаардлага хангасан газар нутаг нь Үндэсний нөөц газрын тогтолцоо буюу National Reserve System-д хувь нэмэр оруулах боломжтой.
Уугуул иргэдийн хамгаалалттай бүсийг бусад хамгаалалттай газар нутгаас ялгах нэг чухал онцлог бол соёл гэдэг IPA-ийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байдагт оршино. IPA нь хүн, соёл болон Country хоорондоо салшгүй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Aunty Эммагийн хэлснээр энэ нь тухайн газар нутгийг “хаагаад, орхих” арга барилаас ялгаатай. Уламжлалт эзэд нэвтрэхийг зөвшөөрсөн тохиолдолд IPA нь зочдод Country-гийн талаар танин мэдэх боломж олгодог.
“Бид хүмүүст ‘энэ бол маш эртнээс уламжлагдан ирсэн гал ашиглах арга’ гэдгийг ойлгож мэдэх боломж олгодог. Та өвс ургамлыг бага зэрэг шатаасан тэр л хэсгийг харах бүрдээ манай газар нутгийг олон мянган жилийн турш хамгаалан авч ирсэн соёлын уламжлалын нэг хэсгийг өөрийн нүдээр харж байна гэсэн үг.”
IPA нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл далайн хамгаалалттай бүс зэрэг өөр төрлийн хамгаалалттай газар нутагтай давхцан оршиж болно. Ийм тохиолдолд Уламжлалт эзэд тухайн газар нутагт хууль ёсны эрх эдэлдэг эсвэл менежментийн үүрэг хариуцлага хүлээдэг бусад байгууллагатай хамтран ажиллаж байдаг.
Уугуул иргэдийн хамгаалалттай бүс хэрхэн ажилладаг вэ?
Уугуул иргэдийн хамгаалалттай бүс болгон өөрийн менежментийн төлөвлөгөөтэй байдаг. Уг төлөвлөгөөнд Уламжлалт эзэд тухайн газар нутгийн соёлын болон байгаль орчны үнэт зүйлсийг хэрхэн хамгаалахыг тусгадаг.
Уугуул иргэдийн хамгаалалттай бүсийг байгуулах үйл явц хоёр үе шаттай. Үүнд:
- Зөвлөлдөх үе шат: Уламжлалт эзэд Анхны үндэстний бүлгүүд, газар эзэмшигчид, холбогдох талууд болон хамтран ажиллах боломжтой байгууллагуудтай хэлэлцэж, төлөвлөлтийн үйл явцыг удирдан явуулдаг. Энэ үеэр Country-г арчлан хамгаалах зорилго, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлно.
- Албан ёсоор IPA болгох үе шат: Тухайн газар нутгийг IPA болгон зарлах эсэхийг Уламжлалт эзэд өөрсдөө шийддэг. Тэд менежментийн төлөвлөгөөг Австралийн Засгийн газраар дэмжүүлэн баталгаажуулж, тухайн газар нутгийг IPA хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх хүсэлт гаргаж болно.
Тухайн газар нутгийг Уугуул иргэдийн хамгаалалттай бүс болгон зарласнаар газрын өмчлөл, native title буюу уугуул иргэдийн уламжлалт газар эзэмших эрх, эсвэл Country-д хамаарах бусад хууль ёсны эрх өөрчлөгдөхгүй.
IPA-ийн хүрээнд хэрэгжүүлж болох менежментийн үйл ажиллагаанд:
- соёлын болон ариун дагшин газруудыг хамгаалах
- уламжлалт галын менежментийн арга барилыг ашиглах
- ховордож, устах эрсдэлтэй төрөл зүйлүүдийг ажиглан хянах
- амьдрах орчныг нөхөн сэргээх
- биологийн олон янз байдлын судалгаа хийх
- далайн хог хаягдлыг цэвэрлэх
- хогийн ургамал болон зэрлэгшсэн амьтдын тархалтыг хянах
- аялал жуулчлал болон зочдын үйл ажиллагааг зохицуулах
- уламжлалт мэдлэгээ залуу үедээ өвлүүлэн дамжуулах зэрэг багтана.

Уугуул иргэдийн хамгаалалттай бүсүүд Австралийн байгаль орчин, соёлд яагаад чухал вэ?
Australian Conservation Foundation (ACF)-ийн байгаль хамгаалах үндэсний кампанит ажлын мэргэжилтэн Жесс Абрахамсын тайлбарласнаар байгаль орчныг эрүүл, тогтвортой хадгалах хамгийн үр дүнтэй арга бол хамгаалалттай газар нутаг бий болгох явдал юм.
“Манай үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад хамгаалалттай бүсүүд Австралид байдаг олон янзын орчин, байгалийн тогтоц болгоноос төлөөлөхүйц хэсгийг хамгаалан авч үлдэхийг зорьдог. Австралийн байгаль ямар болохыг ирээдүй хойч үеийнхэн өөрсдийн нүдээр харж, танин мэдэх боломжтой байлгахын тулд энд байдаг байгалийн олон янз байдлын төрөл бүрийн жишээг хамгаалан үлдээх нь маш чухал.”
Австралийн ургамал болон хөхтөн амьтдын 80 гаруй хувь, шувуудын 45 хувь нь дэлхийн өөр хаана ч байдаггүй.
Гэвч Австралийн биологийн олон янз байдалд тулгарах асуудлууд улам бүр нэмэгдэж, эрсдэлтэй тулгарч, үндэсний хэмжээнд ховордсон төрөл зүйлсийн жагсаалтад бүртгэгдэх амьтан, ургамлын тоо өссөөр байна.
Queensland-ийн Их сургуулийн байгаль хамгааллын эрдэмтэн, профессор Жеймс Уотсон хамгаалалттай газар нутаг нь Австралийн ховордож буй төрөл зүйл болон устах эрсдэлтэй экосистемийг хамгаалан үлдэхэд нэн чухал үүрэгтэй гэж хэллээ.
“Учир нь эдгээр нь бүтээн байгуулалт, хөгжлийн үйл ажиллагаанаас тусгайлан хамгаалсан хуурай газар болон далайн бүсүүд юм. Тиймээс газар болон ургамлын бүрхэвчийг цэвэрлэж сүйтгэдэг хүнд машин механизм ашиглахыг эдгээр бүсэд зөвшөөрдөггүй. Мөн байгаль орчныг доройтуулах бусад үйл ажиллагааг хамгаалалттай бүсийн хил дотор явуулахыг хориглодог. Тиймээс эдгээр газар нь байгаль, амьтдын хувьд нэг ёсны аюулгүй орогнох бүс болдог.”

Уугуул иргэдийн хамгаалалттай бүсэд хэрхэн хүндэтгэлтэй зочлох вэ?
Ноён Абрахамсын хэлснээр байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулах олон энгийн арга бий. Үүнд:
- Гэрийн тэжээвэр амьтдаа, ялангуяа муурыг шөнийн цагаар гадагш гаргахгүй байх.
- Хуванцар хог хаягдал усны эх үүсвэрт орохоос сэргийлж, хогоо зөв ангилан дахин боловсруулах.
- Ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, байгалийн нөөц газар эсвэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнг арчлан хамгаалдаг олон нийтийн байгууллагад сайн дурын ажил хийх.
- Байгаль орчны асуудлаар орон нутгийг төлөөлж буй парламентын гишүүнд санал хүсэлтээ хүргүүлэх.
Хамгаалалттай газар нутгийн талаар ойлголттой байх нь Австралийн байгальтай холбогдсон онцгой харилцааг илүү сайн ойлгохын зэрэгцээ эдгээр газраар аялах, байгалийг нь мэдрэхэд тусална.
Aunty Эмма “Хэрэв хамгаалалттай газар нутгийг хүн төрөлхтний хувьд ирээдүйгээ баталгаажуулах нэг арга гэж харвал бид бүгд өөрсдийн арын хашаа, орон сууцныхаа тагт эсвэл ойролцоох нийтийн эзэмшлийн жижигхэн талбайд ч өөрсдийн гэсэн бяцхан хамгаалалттай орчныг бий болгох боломжтой.”
“Бид ердөө л зөв, хариуцлагатай хүн байх хэрэгтэй. Хамгаалалттай газар нутгууд үүнийг бидэнд сануулдаг. Харин Уугуул иргэдийн хамгаалалттай бүсүүд энэ санааг бүр илүү тодотгож өгдөг.”
Тиймээс дараагийн удаа ийм газарт зочлохдоо хэний уламжлалт газар нутаг буюу Country-д байгаагаа урьдчилан мэдэж, тухайн газрын заавар зөвлөмжийг даган, Уламжлалт эздийн гаргасан шийдвэрийг хүндэтгээрэй.
Аяллаа төлөвлөхдөө:
- Тухайн газар нутгийн менежментийг хэн хариуцдаг, зочдод нээлттэй эсэхийг албан ёсны газрын зураг эсвэл цахим хуудаснаас шалгаарай. Австралийн Засгийн газраас гаргасан IPA-ийн үндэсний газрын зураг-наас Уугуул иргэдийн хамгаалалттай бүсүүдийн байршлыг харах боломжтой.
- Тухайн газрын Уламжлалт эздийн байгууллага, IPA-ийн менежер, газрын зөвлөл эсвэл цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас нэвтрэх боломж, шаардлагатай зөвшөөрөл, түр хаасан эсэх болон соёлын онцгой ач холбогдолтой газруудын талаар урьдчилан мэдээлэл аваарай.
- Зарим хамгаалалттай бүсийг тэмдэг, тэмдэглэгээгээр таних боломжтой ч ийм тэмдэглэгээ бүх газарт байдаггүй. Тиймээс зөвхөн тэмдэг, тэмдэглэгээнд найдахгүй байх нь чухал.
Мөн таны алхаж буй жим болгон, очиж буй далайн эрэг болгон, аялан танилцаж буй ой мод бүхэн цаанаа маш их утга учиртай зүйлсийн нэг хэсэг гэдгийг санаарай.
Эдгээр нь Австралийн байгалийн өв төдийгүй өнөөг хүртэл уламжлагдан, оршин амьдарсаар буй соёлын өвийн нэг хэсэг юм.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





