Таны өгсөн хариулт визний статус, хүүхдийн тань боловсрол, эсвэл таны Австрали дахь эрхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин эдгээр мэдээлэл нь танай нийгмийн бүлгийг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Хүн ам, орон сууцны тооллого нь улс орон даяарх хамгийн том хэмжээний мэдээллийн санг бүрдүүлдэг бөгөөд Австралид байгаа хүн бүр тооллогын асуулгын хуудсыг бөглөх үүрэгтэй.
Та өөрийн соёл, хувь хүний онцлог, орлого, ажил эрхлэлт, орон сууцны нөхцөл зэрэгтэй холбоотой асуултад хариулна.
Хүн амын тооллогын үндэсний төлөөлөгч Эмили Уолтер SBS Examines-т өгсөн ярилцлагадаа: "Хүмүүсийн эдгээр хувь хүний онцлог мэдээллүүд нийлж тухайн нийгмийн бүлгийн ерөнхий дүр зургийг бүрдүүлдэг... Ялангуяа олон соёл, олон хэлтэй нийгмийн бүлгүүдийн хувьд энэ нь тухайн орон нутгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг төлөвлөж, хүргэх боломжийг бүрдүүлдэг."гэжээ.
Хувийн мэдээллээ өгөхөөс эмээж байгаа хүмүүсийн тухайд таны хувийн мэдээлэл хуулиар хамгаалагдаж, найдвартай хадгалагддаг гэдгийг мэдэх нь чухал юм.
Хүн амын тооллогын үндэсний төлөөлөгч Эмили Уолтер: "Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль (Privacy Act) болон Хүн амын тооллого, статистикийн тухай хуулийн (Census and Statistics Act) мэдээллийн нууцлалыг хамгаалах заалтуудын дагуу бид хүмүүсийн мэдээллийг тухайн хүн эсвэл өрхийг таньж мэдэх боломжтой байдлаар бусдад задруулах эрхгүй." гэжээ.
Түүнчлэн "Бид нэр, хаягийг тухайн статистик мэдээлэлтэй нь хамтатган хадгалдаггүй. Эдгээр мэдээллийг Австралийн Статистикийн товчоо (ABS) аюулгүй хадгалдаг бөгөөд Цагаачлалын яам зэрэг төрийн бусад ямар ч байгууллагад ерөөсөө дамжуулдаггүй." хэмээн онцоллоо.
SBS Examines нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид Австралийн Статистикийн товчоотой ярилцаж, удахгүй болох Хүн ам, орон сууцны тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ, таны өгсөн мэдээлэл хэрхэн ашиглагддаг тухай ташаа ойлголтуудад хариулт өглөө.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






