Гарма наадам нь Австралийн Уугуул иргэдийн хамгийн том соёлын цугларалт бөгөөд жил бүр олон мянган хүн Хойд Нутаг Дэвсгэрийн Арнем Лэндийн зүүн хойд хэсэгт орших Нхулунбай хотын ойролцоох алслагдсан бүс нутагт зорин ирдэг. Гарма наадамд ямар үйл ажиллагаа болдог, мөн хэн оролцох боломжтой талаар хүргэе.
ГОЛ АГУУЛГА
- Гарма бол Австралийн уугуул иргэдийн хамгийн том соёлын цугларалт юм.
- Энэхүү наадам жил бүрийн наймдугаар сард болж, Йоту Инди сан зохион байгуулдаг.
- Гарма нь уламжлалт ёслол, соёлыг үндэсний хэмжээний хэлэлцүүлэгтэй хослуулдгаараа онцлог бөгөөд Австралийн улс төрийн удирдагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, уран бүтээлчдийг нэг дор цуглуулдаг.
- Гарма наадам гэж юу вэ?
- Гарма наадам хэрхэн үүссэн бэ?
- Гарма наадам хаана болдог вэ?
- Гарма наадам яагаад чухал вэ?
- Гарма наадамд хэн оролцдог вэ?
- Гарма наадмын үеэр юу болдог вэ?
Энэ нийтлэлд ашиглагдсан Уугуул иргэдийн нэр томьёо ба тайлбар:
- Yolŋu: Ёлнгу Матха хэлээр "хүн" гэсэн утгатай. Австралийн Хойд Нутаг Дэвсгэрийн Арнем Лэндийн зүүн хойд хэсэгт оршин суудаг овог, аймгуудын нэгдлийг хэлнэ.
- Yolŋu Matha: Ёлнгу ард түмний ярьдаг хэлнүүдийн ерөнхий нэр.
- Garma: Ёлнгу Матха хэлээр "хоёр талын харилцан суралцах үйл явц" гэсэн утгатай.
- Arnhem Land: Хойд Нутаг Дэвсгэрийн хамгийн хойд хэсэгт орших бүс нутаг бөгөөд Дарвин хотоос зүүн тийш ойролцоогоор 500 км-т байрладаг.
- Nhulunbuy: Arnhem Land-ийн зүүн хэсгийн хамгийн том хот. Дарвин хотоос зүүн тийш ойролцоогоор 1,000 км-ийн зайд оршдог.
- Gulkula: Уламжлалт ёслол, уулзалт зохион байгуулдаг ариун газар.
- Ganbulapula: Ёлнгугийн домогт өвөг дээдэс бөгөөд йидаки хөгжмийг Ёлнгу хүмүүст авчирсан гэж үздэг.
- Yidaki (мөн didgeridoo гэж нэрлэдэг) Австралийн Уугуул иргэдийн үлээвэр хөгжмийн зэмсэг.
- Miny’tji: Ариун утга агуулгатай уламжлалт зураг, хээ дүрслэл.
- Manikay: Өвөг дээдсээс уламжилсан ёслолын дуу.
- Bunggul: Уламжлалт ёслолын бүжиг.
- Bilma: Хэмнэл гаргах зориулалттай модон цохиур (clapsticks).
Анхааруулга: Энэхүү нийтлэлд Австралийн уугуул иргэд болох Абориген болон Торресын хоолойн арлын иргэдийн нас барсан хүмүүсийн нэр дурдагдах тул уншигчдад урьдчилан анхааруулж байна.
Гарма наадам гэж юу вэ?
Гарма бол Австралийн уугуул иргэдийн хамгийн том соёлын цугларалт юм. Жил бүр олон мянган хүн Хойд Нутаг Дэвсгэрийн Зүүн хойд Арнем Лэндийн Нхулунбуй хотыг зорин энэхүү наадамд оролцдог.
Гарма наадам жил бүрийн наймдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд дөрвөн өдрийн турш Ёлнгу ард түмний соёл, уламжлалыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Ёлнгу бол Зүүн хойд Арнем Лэндэд амьдардаг Австралийн уугуул иргэдийн нэг бүлэг юм. Тэдний ярьдаг Ёлнгу Матха хэлэнд "Гарма" гэдэг нь "хоёр талын харилцан суралцах үйл явц" гэсэн утгатай.
Энэ нь нэг тал нь нөгөөдөө зааж сургах бус, харин хүн бүр бусадтайгаа мэдлэг, туршлагаа хуваалцаж, бие биеэ сонсон, асуулт асууж, өөр өөр үзэл бодол, амьдралын хэв маягийг хүндэтгэн хамтдаа суралцах үзэл санааг илэрхийлдэг.
Наадмын үеэр Миньтжи хэмээх уламжлалт зураг урлал, Маникай өвөг дээдсийн дуу, мөн алдарт Бунггул ёслолын бүжгийг олон нийтэд толилуулдаг.
Гэхдээ Гарма бол зөвхөн соёлын наадам биш юм. Хамгийн гол нь энэ нь Анхны Үндэстний ард иргэдтэй холбоотой нийгэм, улс төр, байгаль орчны асуудлаар үзэл бодлоо солилцож, хэлэлцдэг чухал форум болдгоороо онцлогтой.
Гарма наадам хэрхэн үүссэн бэ?
Гарма наадмыг 1999 онд талийгаач ах дүүс доктор Юнупингу AC болон Yothu Yindi хамтлагийн ахлагч доктор М. Юнупингу нар үүсгэн байгуулжээ. Тэдний зорилго нь Ёлнгу ард түмний соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх байв.
Тухайн үед нутгийн олон ахмад настан уламжлалт мэдлэг, соёлын өв мартагдан алдагдаж байгаад санаа зовниж байжээ. Иймээс Гармаг соёлын өвийг бэхжүүлэхийн зэрэгцээ улс төр, нийгмийн чухал асуудлыг хэлэлцэх боломжтой орон зай болгон байгуулсан юм.
SBS-ийн Үндэсний уугуул иргэдийн асуудал хариуцсан редактор, NITV сувгийн The Point нэвтрүүлгийн хамтран хөтлөгч Жон-Пол Жанке "Гарма наадмыг байгуулсан гол зорилго нь өөр өөр соёлын хоорондын ялгааг ойртуулж, харилцаа, Ёлнгу соёлыг тэмдэглэн түгээн дэлгэрүүлэх замаар уугуул иргэдийн оролцоо, чадавхыг бэхжүүлэх явдал байсан" хэмээн тайлбарлажээ.
Гарма наадам хаана болдог вэ?
Гарма наадам Зүүн хойд Арнем Лэнд дэх Гулкула хэмээх уламжлалт цугларалтын газарт зохион байгуулагддаг. Энэ нь тус бүс нутгийн Гуматж, Рирратжингу, Джапу, Галпу, Вангурри гэсэн таван овгийн уламжлалт уулзалтын газар юм.
Гуматж овгийнхны хувьд Гулкула нь онцгой ариун, уламжлалт ёслол үйлддэг газар билээ.
Ёлнгу ард түмний домогт өгүүлснээр өвөг дээдэс Ганбулапула аборигенчуудын уламжлалт үлээвэр хөгжмийн зэмсэг болох Йидаки (мөн didgeridoo гэж нэрлэдэг)-г Ёлнгу хүмүүст авчирсан газар нь Гулкула юм.
Өнөөдөр ч Гулкула нь Гарма наадмын жил бүрийн уламжлалт цугларалтын газар хэвээр байгаа билээ.
Гарма наадам яагаад чухал вэ?
SBS-ийн Анхны Үндэстний асуудал хариуцсан захирал Таня Деннинг-Орман Гарма бол дэлхийд хосгүй арга хэмжээ хэмээжээ.
"Гарма бол газарзүйн байршлынхаа хувьд ч, цуглардаг хүмүүсийн хувьд ч үнэхээр онцгой газар. Олон зуун жилийн турш энэ газар хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээ, үзэл бодлын солилцоог дэмжсээр ирсэн."
Гарма наадмыг Ёлнгу ард түмний соёлын мэдлэг, өв уламжлалыг хамгаалан хадгалах, мөн Анхны Үндэстний ард иргэдийн хүч чадал, тэсвэр хатуужлыг таниулан тэмдэглэх зорилгоор байгуулжээ.
Гармаг Ёлнгугийн уламжлалт нутаг дээр зохион байгуулдаг нь наадмын хамгийн чухал онцлогуудын нэг юм. Учир нь оролцогчид олон мянган жилийн турш үеэс үед өвлөгдөн ирсэн соёлын мэдлэгийг төрсөн нутагт нь очиж танин мэдэх боломжтой болдог.
Мөн энэ нь өөр өөр соёл, гарал үүсэлтэй хүмүүс харилцан суралцах боломжтой, соёлын хувьд аюулгүй, хүндэтгэлтэй орчныг бүрдүүлдэг.
Олон хүний хувьд Гарма нь Country буюу Австралийн уугуул иргэдийн уламжлалт нутагт анх удаа очиж, тухайн нутгийн Уламжлалт хамгаалагчдаас (Traditional Custodians) шууд суралцах ховор боломж болдог.
Соёлын арга хэмжээнүүдээс гадна Абориген болон Торресын хоолойн арлын иргэдтэй холбоотой төрийн бодлогын асуудлаарх хэлэлцүүлэг ч өрнөдөг.
Энэ нь Анхны Үндэстний удирдагчдад өөрсдийн соёлын мэдлэг, эрх мэдэлд тулгуурлан үндэсний хэмжээний яриа, хэлэлцүүлгийг чиглүүлэх боломж олгодог бөгөөд энэ нь өөрийгөө тодорхойлох эрх (self-determination)-ийн чухал илэрхийлэл юм.
Өөрийгөө тодорхойлох эрх гэдэг нь уугуул иргэд өөрсдөд нь хамаарах асуудлаарх шийдвэр гаргах үйл явцад шууд оролцож, өөрсдийн ирээдүй, засаглалын талаар өөрсдөө шийдвэрлэх боломжийг хангах тасралтгүй үйл явцыг хэлдэг.
Гарма наадамд хэн оролцдог вэ?
Гарма наадамд зөвхөн урилгаар оролцдог гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч энэ нь буруу юм.
Йоту Инди сангийн гүйцэтгэх захирал Дениз Боуден Гарма бол хүн бүрт нээлттэй арга хэмжээ бөгөөд хүссэн хүн Йоту Инди сангийн цахим хуудсаар дамжуулан тасалбар худалдан авч оролцох боломжтой гэдгийг онцолжээ.
"Йоту Инди сан Гарма наадмыг зөвхөн ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр бус, тасалбарын борлуулалтын орлогоор ч зохион байгуулдаг. Тасалбарын орлогын ихэнх хэсгийг тухайн бүс нутагт эргэн зарцуулдаг бөгөөд ингэснээр наадамд оролцож буй уран бүтээлчдэд хөдөлмөрийнх нь хөлсийг олгох боломж бүрддэг."
Йоту Инди сан улс төрийн бүх намын төлөөллийг Гарма наадамд урьдаг бөгөөд өмнөх жилүүдэд Австралийн Ерөнхий сайд ч оролцож байжээ.
Мөн судлаачид, боловсролын салбарынхан, хүний эрхийн төлөө тэмцэгчид, уран бүтээлчид болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцдог. Ингэснээр Гарма нь өөр өөр салбар, гарал үүсэлтэй хүмүүс нэг дор цуглаж, санал бодлоо солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бодлогын асуудлыг хэлэлцэх чухал талбар болдог.
Гарма наадмын үеэр юу болдог вэ?
Гарма наадам нь дэлхийд өнөөг хүртэл хадгалагдан ирсэн хамгийн эртний соёлуудын нэгийг илүү гүнзгий танин мэдэх боломжийг олгодог.
Өдрийн турш төрөл бүрийн соёлын сургалт, танилцуулга зохион байгуулагддаг бөгөөд зочид Ёлнгу ард түмний ахмад удирдагчдаас Ёлнгу Матха хэл, төрөл садны тогтолцоо, уламжлалт урлаг, өвөг дээдсийн дуу болон бусад соёлын өвийн талаар шууд суралцах боломжтой.
Нар жаргах үед уламжлалт бунггул бүжгийг йидаки (диджериду), билма (модон цохиур) хөгжмийн хэмнэл болон Ёлнгугийн уламжлалт дуучдын хоолойн аялгуутай хослуулан толилуулдаг. Ёлнгугийн өөр өөр овог, аймгууд ээлжлэн өөрсдийн түүх, өв соёлоо бүжиг, дуугаар хүүрнэн үзүүлдэг.
Гэхдээ Гарма бол зөвхөн соёлын наадам биш юм.
Энэ нь Ёлнгу ард түмэн болон Австралийн бусад уугуул иргэдэд тулгамдаж буй чухал асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хэлэлцэх онцгой боломжийг бүрдүүлдэг.
Наадмын үеэр дараах хоёр үндсэн форум зохион байгуулагддаг:
- Гол форум: Анхны Үндэстний болон уугуул бус Австраличуудын удирдагчид тухайн жилийн Гарма наадмын сэдэвтэй уялдсан бодлогын асуудлаар хэлэлцдэг форум.
- Залуучуудын форум: Наймаас 18 насны хүүхэд, залууст зориулсан энэхүү форумд Австралийн өнцөг булан бүрийн сургуулийн сурагчид оролцож, мэдлэгээ хуваалцахад чиглэсэн төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагддаг.
Эдгээр соёлын арга хэмжээ, хэлэлцүүлэг нь Гармаг соёл, харилцан суралцах үйл явц, манлайлал нэг дор нэгддэг онцгой цугларалт болгодог.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





